Ванесса Трамп оношоо зарласнаас хойш зургаан сарын дараа хорт хавдраас ангижирснаа мэдэгдэв
Дональд Трамп бага-гийн хуучин эхнэр охин Кайтайгаа хөхний хорт хавдрын талаар мэдлэг түгээх, эрт илрүүлэхийн ач холбогдлын тухай ярилцсан бичлэгээ нийтэлжээ.

BBC-гийн мэдээлж буйгаар, Дональд Трамп бага-гийн хуучин эхнэр Ванесса Трамп энэ оны эхээр хөхний хорт хавдартай гэж оношлогдсоныхоо дараа одоо хавдраас ангижирснаа зарлав. Ерөнхийлөгчийн ууган хүүтэй таван хүүхэдтэй 48 настай Ванесса 19 настай охин Кайгийн Instagram хуудсанд нийтэлсэн богино бичлэгтээ шинжилгээний хариу цэвэр гарсан тул эцэст нь хавдраас ангижирсан гэжээ.
Баасан гарагт нийтэлсэн бичлэг нь Ванесса, Кай нар хөхний хорт хавдрын талаар мэдлэг түгээх, урьдчилан сэргийлэх тухай ярилцах Бямба гарагт гарах урт YouTube бичлэгийн танилцуулга байв. Кай “Аравдугаар сар бол хөхний хорт хавдрын талаарх мэдлэгийн сар бөгөөд эрт илрүүлэх, боловсрол олгох, өвчинд нэрвэгдсэн хүмүүсийг дэмжих талаар мэдлэг түгээх цаг” гэж бичжээ. Түүний нийтлэл 20 мянга гаруй лайк, олон зуун дэмжлэгийн сэтгэгдэл авчээ.
Ванесса Трамп 2018 онд Трамп багаас салсан бөгөөд өнгөрсөн жил АНУ-ын мэргэжлийн гольфчин Тайгер Вудстай болзож эхэлснээ зарласан. Баасан гарагийн бичлэгтээ тэрбээр дөрөвдүгээр сард анх оношлогдсон гэж хэлсэн бөгөөд тавдугаар сард олон нийтэд зарлахдаа мэс засал хийлгэж, эмнэлгийн багтайгаа эмчилгээний төлөвлөгөө боловсруулж байгаагаа дурдаж байжээ.
Америкийн хорт хавдрын нийгэмлэгийн мэдээлснээр, АНУ-д эмэгтэй хүн хөхний хорт хавдартай болох дундаж эрсдэл 8-д 1 буюу 13 орчим хувь бөгөөд энэ өвчин жил бүр эмэгтэйчүүдийн шинэ хорт хавдрын 30 хувийг эзэлдэг. Ихэнх хөхний хорт хавдрыг мэс заслаар эмчилдэг бөгөөд үлдэгдэл байвал хими, туяа, дааврын эмчилгээ урт хугацааны эрсдэлийг бууруулж чадна. Эрт үеийн хорт хавдрын зорилтот эмчилгээ, шинэ төрлийн дааврын эмчилгээ, илүү нарийвчлалтай туяа эмчилгээ хөгжиж байна.



