Викториягийн Хөдөлмөрийн намын сайдын машин дээр RAT гэж сийлсэн сум орхижээ
Пол Эдбрук Хелен Хайнст халдсан гэх хэргийн дараа парламентын гишүүдийн аюулгүй байдлын талаарх санаа зовнил нэмэгдэж байхад гэр бүлийнхээ аюулгүй байдалд эмээж байгаагаа хэлэв.

Австралийн Виктория мужийн онцгой байдлын асуудал хариуцсан сайд Пол Эдбрук бямба гарагт машин дээр нь “RAT” гэсэн үг болон гал сөнөөгч байхдаа хэрэглэж байсан дугаар нь сийлсэн сум орхисны дараа гэр бүлийнхээ аюулгүй байдалд эмээж байна гэж мэдэгдэв гэж The Guardian сонин мэдээлэв. Herald Sun сонины даваа гарагт анх мэдээлснээр Эдбрук иргэдтэй ярилцаад машиндаа эргэн ирэхэд капот дээр нь сум байжээ.
Тэрээр ABC Radio Melbourne радиод ярихдаа энэ олдвор, ялангуяа өнгөрсөн долоо хоногт холбооны парламентын гишүүн Хелен Хайнст халдсан гэх хэргийн дараа цочирдож, айсан гэв. Хоёр хэргийг холбоотой гэх ямар ч мэдээлэл алга. “Машиныг минь хүүхдүүд маань унадаг бөгөөд намайг дагаж байна уу, энд байгааг минь хэн мэдэж байна, намайг тандаж байна уу гэж бодож эхэлдэг. Энэ бол далд утгагүй, шууд үхлээр заналхийлсэн хэрэг” гэж Эдбрук хэлэв.
Эдбрукийн хэлснээр түүний дугаар нь гал сөнөөгчдөд л мэдэгддэг бөгөөд олон нийт мэдэхгүй. Тэрээр олон нийтийн сүлжээнд өөрт нь түрэмгий заналхийлэл, доромжлол илгээж буй цорын ганц хүмүүс бол Гал сөнөөгчдийн нэгдсэн үйлдвэрчний эвлэлийн гишүүд гэв. Тус үйлдвэрчний эвлэл гал сөнөөгчдийн хамтын гэрээний асуудлаар Эдбрукийн хариуцдаг Виктория мужийн Гал түймэр, аврах албыг Шударга хөдөлмөрийн комисст шүүхэд өгсөн бөгөөд талууд 2021 оноос хойш гэрээгээ шийдвэрлэж чадахгүй байна.
Үйлдвэрчний эвлэл мөн мужийн Хөдөлмөрийн намын засгийн газрын эсрэг кампанит ажил явуулж, үнэтэй сурталчилгаа явуулах, санал авах байруудад гал сөнөөгчдийг ажиллуулахаа амлаж, ирэх сарын сонгуульд намыг хамгийн сүүлд эрэмбэлэхийг сонгогчдод уриалсан материал гаргажээ. Тус эвлэл Виктория мужийн Хөдөлмөрийн намаас бүрмөсөн гарах асуудлаар гишүүдийнхээ хурал хийхээр төлөвлөж байна.
Эдбрук даваа гарагт үүнээс айж сүрдэхгүй гэдгээ хэлэв. Тэрээр Австралийн ардчиллын гайхалтай зүйл бол хүмүүс санал авах байранд очиж, бие биетэйгээ ярилцаж чаддаг явдал бөгөөд улс төрийн хувьд санал зөрөлдсөн ч ярилцаж болдог ч ийм үйлдлээс болж үүнийгээ алдаж, хамгаалалт нэмэгдэж, парламентын гишүүд олон нийтэд хүртээмж багатай болох эрсдэлтэй гэв.



