Японд цоргоны ус түгээмэл ч савласан ус уух нь хамгийн их хэвээр
Panasonic-ийн судалгаагаар зүүн Японы оршин суугчид цоргоны усыг шууд уух нь илүү, баруун хэсэгт эргэлзээ өндөр байна.

Японд хүмүүсийн уудаг усны гол эх үүсвэрийн тухай судалгаагаар савласан ус 44 хувиар тэргүүлж, цоргоны ус 35.8 хувиар хоёрдугаарт орсныг Nippon.com мэдээлэв. Panasonic компани 4-р сард Японы 47 мужийн тус бүрээс 100 хүн, нийт 4,700 хүнийг хамруулан өдөр тутмын ус хэрэглээний талаар судалгаа хийжээ.
Савласан ус сонгосон хүмүүсийн 54.9 хувь нь тав тухтай байдлыг гол шалтгаан гэж нэрлэсэн бол дараа нь цэвэр байдал, амтыг дурджээ. Цоргоны усыг шууд уух нь ус цэвэршүүлэгчээр шүүсэн эсвэл усны аппаратаас авсан уснаас хамаагүй түгээмэл байна. Японы усны чанарын хатуу стандарт оршин суугчдад цоргоны усны аюулгүй байдалд итгэх итгэлийг төрүүлдэг ажээ.
Мужуудаар авч үзвэл цоргоны усыг шууд уудаг хүмүүс зүүн Японд төвлөрч, Нагано 66, Ямагата 56, Фукушима 55, Аомори 53, Иватэ 52 хувьтай байв. Харин цоргоны усыг шууд уухаас эргэлздэг хүмүүсийн хувь баруун Японд өндөр бөгөөд Окинава 69, Нагасаки 61, Фукуока 60 хувьтай гарчээ. Зүүн хэсгийн Сайтама муж ч 60 хувьтай байв.
Цоргоны усыг шууд уухаас эргэлзэх хамгийн түгээмэл шалтгаан нь хлорын үнэр, амт байсан бөгөөд үүнийг оролцогчдын 64.3 хувь нэрлэжээ. Бусад нь орон сууцны усан хангамжийн хоолой, нөөцийн савны ариун цэвэр, мөн “мөнхийн химийн бодис” гэгддэг PFAS зэрэг хортой бодисын талаар санаа зовж байгаагаа илэрхийлсэн байна.



