Евроклир царцаасан Оросын хөрөнгөөс олсон орлого 6 хувиар буурчээ
Хүүгийн түвшин буурснаар Оросын хориглогдсон хөрөнгийг байршуулснаас олох орлого багассан ч депозитар Украины санд тэрбум тэрбумаар шилжүүлсээр байна.

Европын депозитар Евроклир 2026 оны эхний есөн сард хориглогдсон Оросын хөрөнгийг байршуулснаас 3.6 тэрбум еврогийн хүүгийн орлого олсон нь 2025 оны мөн үеийнхээс 6 хувиар бага гэж компанийн тайланд дурджээ. Энэ тухай Интерфакс агентлаг мэдээлэв.
Орлого буурсан нь хүүгийн түвшин буурсантай холбоотой юм.
Энэ орлого 2025 онд 5 тэрбум евро, 2024 онд 6.9 тэрбум евро, 2023 онд 4.4 тэрбум евро, 2022 онд 821 сая евро байжээ.
Депозитар одоогоор царцаасан Оросын хөрөнгийн орлогоос 8 тэрбум орчим еврог Украинд зориулсан Европын санд шилжүүлсэн бөгөөд хамгийн сүүлд наймдугаар сард 1.4 тэрбум еврог шилжүүлжээ.
Евроклирийн тооцоогоор, хориг арга хэмжээ болон Оросын хариу арга хэмжээний улмаас 2026 оны есөн сард бизнесийн орлогоос 27 сая еврогоо алдаж, 233 сая еврогийн шууд зардал гаргасны 162 сая нь Оросын шүүх дэх нэхэмжлэлийг нөхөх нөөц байна.
Есдүгээр сарын эцэст Евроклирийн баланс 244 тэрбум евро байсны 204 тэрбум евро нь хориг арга хэмжээнд өртсөн Оросын хөрөнгө юм.
Евроклир Оросын Төв банкнаас 18.2 их наяд рубль гаргуулахаар гаргасан нэхэмжлэлийг эсэргүүцсээр байгаа юм. Москвагийн Арбитрын шүүх тавдугаар сард Төв банкны талд шийдвэр гаргаж, Евроклирийн давж заалдах болон хяналтын гомдлыг хэрэгсэхгүй болгосон бөгөөд депозитар Бельгийн шүүх зэрэгт эрх ашгаа хамгаалсаар байхаа мэдэгджээ.


