Европт нэг өдөр долоон онгоцонд бөмбөгийн мэдээлэл ирсэн ч юу ч олдсонгүй
Итали, Унгарын нисэх хүчин зарим онгоцыг дагалдан ниссэн байна.

Мягмар гарагт Европын тэнгэрт хэд хэдэн зорчигч тээврийн онгоцонд бөмбөг байна гэсэн мэдээлэл ирсэн ч алинд нь ч тэсрэх бөмбөг олдоогүй гэж Би Би Си мэдээлэв.
ЛОТ компанийн Лондонгоос Варшав руу ниссэн онгоц Варшав-Модлин нисэх буудалд газардаж, буудлыг түр хаажээ.
Копенгагенаас Варшав руу ниссэн Скандинавын агаарын тээврийн компанийн онгоц зорьсон газартаа буужээ. Хэргийг Варшавын цагдаад шилжүүлснийг компани мэдэгдсэн байна.
Болгарын Дотоод хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Любомир Николовын хэлснээр, Софид буусан онгоцонд бөмбөг байна гэсэн цахим шуудан иржээ.
Манчестерээс Мурсиа руу ниссэн Райанэйрийн онгоцыг мөн шалгажээ. «Нислэгийн үеэр бидэнд юу ч хэлээгүй» гэж зорчигч Сара Би Би Си-д хэлсэн байна.
Лиссабон, Дублинаас Ромын Фьюмичино нисэх буудал руу ниссэн Райанэйрийн хоёр онгоцонд мөн мэдээлэл иржээ. Дублинаас ниссэн онгоцыг Италийн нисэх хүчин буух хүртэл дагалдсан байна.
Өмнөх өдөр нь буюу 11 дүгээр сарын 2-нд Лондоноос Софи руу ниссэн Визз Эйр компанийн онгоц Будапештэд яаралтай буусан юм. Түүнийг Унгарын сөнөөгч онгоц дагалдаж явжээ.
Мэдээллийн цаана хэн байгаа, хэргүүд хоорондоо холбоотой эсэх нь тодорхойгүй байна.


