Зеленский: Украин НАТО-д элсвэл Донбассаас гарах эсэхийг АНУ анх удаа асуусан
Аюулгүй байдлын баталгааг санал болговол украинчуудаас асууна гэж Зеленский хэлээд, ийм шийдвэрийг ганцаараа гаргах эрхгүй гэжээ.

АНУ-ын хэлэлцээчид Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийг НАТО-д элсэхийн тулд улсынхаа нутгийн нэг хэсгээс татгалзах асуудлыг авч үзэхийг хүссэн гэж Зеленский мэдэгджээ.
Зеленский баасан гарагт сэтгүүлчдэд хэлэхдээ, цэргийн эвсэлд элсэхийн хариуд зүүн хэсгийн Донбасс бүс нутгаас гарах эсэхийг түүнээс анх удаа асуусан гэв. “Америкчууд “Украин НАТО-д элсвэл яах вэ? Украин Донбассаас гарах уу?” гэсэн асуулт тавьсан. Энэ асуудлыг анх удаа хөндсөн юм” гэж Украины Ерөнхийлөгч хэлэв.
Зеленский НАТО болон Европын холбооны аюулгүй байдлын баталгаа, “хангалттай тооны цэрэг, зэвсэг”, санхүүгийн дэмжлэг багтсан Украины “аюулгүй байдлын багц”-ын талаар ярилцаж байгаагаа хэлжээ. Эдгээрийг санал болговол боломжит солилцоог хүлээн авах эсэхийг украинчуудаас асууна гэж тэрбээр мэдэгдэв. Бүх нийтийн санал асуулгын тухай хэлж байгаа эсэхээ тэрбээр дурдаагүй ч “Би энэ шийдвэрийг ганцаараа гаргах эрхгүй” гэж нэмж хэлжээ.
Дайн эхэлснээс хойш ихэнх хэсгийг нь Орос эзэлсэн Донбасс бүс нутгийн хяналт нь мөргөлдөөнийг зогсоох хэлэлцээрт удаа дараа маргаан үүсгэж иржээ. Оросын Ерөнхийлөгч Владимир Путин өмнө нь Украиныг энхийн хэлэлцээрийн урьдчилсан нөхцөл болгон Донбасс бүс нутгаас цэргээ гаргахыг шаардаж байсан.
Дэлхийн ихэнх улс хуурамч гэж үзсэн сонгуулийг Донбассын эзлэгдсэн хэсэгт зохион байгуулсны дараа Путин 2022 оны есдүгээр сард Украины зүүн хэсгийн дөрвөн бүс нутгийг Орост нэгтгэснээ зарласан. Эдгээр нэгтгэлийн алийг нь ч АНУ, НҮБ хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд ихэнх улс тэдгээрийг хууль бусаар газар булаан авсан хэрэг гэж үздэг.
Украинд НАТО-гийн 5 дугаар зүйлийг загвар болгосон аюулгүй байдлын баталгаа “хамгийн багадаа” хэрэгтэй гэж АНУ-ын хэлэлцээчдэд хэлснээ Зеленский дурджээ. Энэ зүйлд эвслийн нэг гишүүн рүү халдсаныг бусад бүх гишүүн рүү халдсантай адилтгах цэргийн эвслийн гол зарчмыг тусгасан байдаг.
Украины Ерөнхийлөгч энэ нь “заавал үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй биш байна” гэж нэмж хэлээд, боломжит гишүүнчлэлийн талаар илүү тодорхой мэдээлэл хэрэгтэй байна гэжээ.



