Дэлхий

11 жилийн дараа эргэж ирсэн Капитан Кью согтууруулах ундаа Солонгосын залуусын анхаарлыг татав

Архины дараах хүнд шаналгааны тухай домог интернэтийн хошигнол болж, туршиж үзээгүй залуусын сонирхлыг өдөөжээ.

The Korea Times1 мин унших

Зураг: The Korea Times

Солонгосын Лотте Чилсон Беверидж компанийн Капитан Кью согтууруулах ундаа 11 жилийн дараа буюу 10 дугаар сарын 8-нд дахин худалдаанд гарч, улс даяар шуугиан тарьжээ гэж Кореа Таймс сонин мэдээлэв.

Бүтээгдэхүүн олдоц муутай болсон тул хуучин эдийн зах зээлд хэд дахин өндөр үнээр зарагдаж байгаа гэсэн мэдээлэл бий.

Компани уг ундааг 1980 онд анх гаргажээ. Импортын архи хязгаарлагдмал байсан тэр үед спирт дээр будагч, амтлагч, бага хэмжээний баяжмал нэмж импортын архины амтыг дуурайдаг байв. Хямд учир оюутнуудад түгээмэл байсан ч 2015 онд үйлдвэрлэлээ зогсоосон юм.

Шинэ хувилбар хуучин савны загварыг хадгалсан ч жорыг нь эрс сайжруулжээ. Одоо 99 хувь нь Карибын ромоос бүрдэж, царс модон торхонд боловсордог аж. Хуучин шаналгаа алга болсныг олон хэрэглэгч тэмдэглэсэн байна.

Албан ёсны худалдаанаас өмнө гаргасан хязгаарлагдмал багцын аяга, дурсгалын зоос зэрэг дагалдах зүйл хуучин эдийн зах зээлд 350 мянган воноор зарагдаж байна. Энэ нь ундаатайгаа нийлээд 19,800 воны (15 ам.доллар) үнэтэй багцын үнээс 17 дахин их юм.

Шуугианы гол хөдөлгөгч нь уг ундааг хэзээ ч амсаагүй залуу үеийнхэн аж. Залуусын архины хэрэглээ буурч байгаа ч ретро чиг хандлага, шаналгааны домог сонирхлыг нь татжээ.

«Үнэ нь боломжийн, залуусын сониуч занг өдөөдөг учраас түгээмэл болсон гэж бодож байна» гэж виски сонирхогч, 31 настай Чой Сонсик хэлсэн байна.

Энэ амжилт бусад хуучин брэндийн сонирхлыг сэргээж байна. 1976 онд гарч 2017 онд зогссон Наполеон, мөн 1976 онд гарч 1991 онд зогссон Вери Найн Голд зэргийг дурдаж байгаа ч аль ч үйлдвэрлэгч эргүүлэн гаргах төлөвлөгөөгөө зарлаагүй байна.

Бусад мэдээ