Африкийн «урьд өмнө байгаагүй» Эболагийн тархалт Их Британид хүрч болзошгүйг анхааруулав
Африкийн Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн ерөнхий захирал Жан Касейа тархалтыг ковидын цар тахалтай харьцуулж, бэлэн байдлыг нэмэгдүүлэхэд илүү их санхүүжилт шаардлагатай гэв.

Эболагийн тархалт урьд өмнө байгаагүй хэмжээнд хүрсэн тул Их Британи болон бусад оронд хүрч болзошгүйг Африкийн эрүүл мэндийн тэргүүлэх албан тушаалтны нэг анхааруулжээ. Энэ тухай Гардиан сонин мэдээлэв.
Тархалт 10 мянган тохиолдол, бараг 5 мянган нас баралтад хүрсэн энэ үед Африкийн Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн ерөнхий захирал Жан Касейа үүнийг Хятадад эхэлж, дэлхий даяар тархаж, олон сая хүний аминд хүрсэн ковидын цар тахалтай харьцуулжээ.
«Зохих арга хэмжээ авахгүй бол аль ч улс аюулгүй биш гэдгийг бүх оронд мэдээсэй гэж бид хүсч байна» гэж тэрбээр хэлэв. Түүний хэлснээр, Африкийн гурван бүс нутаг Эболад анх удаа нэрвэгдэж байгаа бөгөөд тархалтын газарзүйн цар хүрээ урьд өмнө байгаагүй юм.
Эбола илэрснээс хойш Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад 17 дахь удаагаа гарч буй энэ тархалт Бундибугио вирусээс үүдэлтэй. Тархалт тус улсын түүхэн дэх хамгийн том, хамгийн их хүний амь авсан тархалт болжээ. 5 дугаар сарын 15-нд Конгогийн Эрүүл мэндийн яам Итури мужид тархалт зарласан ч генийн шинжилгээгээр 2 дугаар сараас эхэлсэн нь тогтоогдсон бөгөөд одоо Кени, Угандад тархаж, өнгөрсөн долоо хоногт Нигери улсын нийслэл Абужад тохиолдол баталгаажжээ.
Франц бол 6 дугаар сард Конгоос буцаж ирсэн эмчид Эбола илэрч, тохиолдол баталгаажуулсан Африкаас гадуурх цорын ганц орон юм. Бундибугио вирусийн эсрэг батлагдсан эмчилгээ байхгүй ч вакцины туршилт явагдаж байна. Касейагийн хэлснээр үр дүн нь гураваас зургаан сарын дотор гарна.
Нийт 10091 тохиолдлын 10060 нь Конгод бүртгэгдэж, 4887 хүн нас барсан бол Уганда, Кенид тус бүр хоёр хүн нас баржээ. Хамгаалах хэрэгсэл дутмаг, эрүүл мэндийн ажилтнуудын цалин олгогдоогүйгээс ажил хаялт гарч, Конго дахь мөргөлдөөн, албаныхныг үл итгэх байдал, ташаа мэдээлэл, олон улсын тусламжийн бууралт хариу арга хэмжээг хүндрүүлж байна.
Касейагийн хэлснээр, засгийн газрууд 3 тэрбум ам.доллар амласан ч 2 тэрбум гаруй ам.доллар нь хараахан ороогүй байна. Африкийн орнууд 120 сая ам.доллар амласан бол үлдсэнийг АНУ, Их Британи, Европын холбоо зэрэг олон улсын хандивлагчид гаргах ёстой юм.



