Түлшний үнэ огцом өссөнөөс болж тансаг аялалын хөлгийн зорчигчид Камбожид гацжээ

Дэлхийг тойрох олон жилийн аялалд гарсан тансаг зэрэглэлийн аялалын хөлөг түлшний ер бусын өндөр зардлаас болж үйл ажиллагаагаа зогсоосноо мэдэгдсэнээр зорчигчид Камбожид гацжээ. Энэ тухай Би Би Си мэдээлэв.
Вилла Ви Одиссей хөлгийн АНУ-д төвтэй оператор зорчигчидтой хөлгөөс буух төлөвлөгөө, түр амьдрах байрны асуудлаар ажиллаж байгаагаа мэдэгджээ. Бараг 200 метр урт хөлөг 650 хүртэл зорчигч тээх боломжтой бөгөөд 2024 оны 10 дугаар сард Белфастаас дэлхийг тойрох тасралтгүй аялалд гарсан юм.
Энэ оны эхээр Ираны дайн эхэлснээс хойш дэлхийн түлшний үнэ огцом өссөн. Хөлгийн операторын мэдээлснээр, Азийн зарим хэсэгт нэг өрөөнд ногдох сарын түлшний зардал 1800 ам.доллараас 8000 ам.доллар хүртэл өсчээ. Компани аяллын хурдыг удаашруулж, боомтод илүү удаан байх зэргээр түлшний хэрэглээгээ бууруулах томоохон алхам хийсэн ч хангалтгүй байсан гэж мэдэгджээ.
Компани ирэх 60 хоногийн турш бүтцийн өөрчлөлт, дахин хөрөнгөжүүлэлтийн асуудлаар ажиллах ч «ямар ч үр дүн баталгаатай биш» гэжээ. Мэдээллээр, сүүлийн жилүүдэд залилангийн төвүүдийн голомт хэмээн дэлхийд нэрд гарсан Камбожийн Сиануквиль боомтод буухыг тушаах үед хөлөгт 200 орчим зорчигч байжээ.
Вилла Ви Одиссейн аялал 3.5 жил үргэлжилж, бараг 150 оронд хүрэх ёстой байсан бөгөөд хөлөг аяллаа зогсоосноо мягмар гарагт зарлахаас өмнө 750 гаруй хоног дэлхийг тойрон аялжээ. Хөлгийн өрөөнд байнга амьдрах эрх 120 мянгаас 440 мянган ам.долларын үнэтэй бөгөөд сард 3500 ам.доллараар түрээслэх боломжтой.
«Энэ бол миний удаан хугацаа өнгөрөөнө гэж төсөөлж байсан газрын жагсаалтад байгаагүй» гэж зорчигчдын нэг Холли Хеннесси Камбожоос Би Би Си-д ярьжээ.
Хеннесси зэрэг зарим зорчигч хөлөг удахгүй дахин аялалд гарна гэж найдан Камбожид үлдэхээр шийдсэн байна.



