Алтай ноостой хирсний генетикийн шинэ удмын гол төв байжээ
Алтайд ноостой хирсний дөрвөн генетикийн удмыг бүгдийг нь илрүүлжээ.

Эртний үед Алтай таатай уур амьсгалын нөхцлийн ачаар ноостой хирсний генетикийн шинэ удмууд үүсэх томоохон төв болж, тэндээс Евразид тархаж байсныг ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Археологи, угсаатны зүйн хүрээлэнгийн тэргүүлэх эрдэм шинжилгээний ажилтан Максим Козликин мэдэгджээ. Энэ тухай РИА Новости агентлаг мэдээлэв.
Сайнс сэтгүүл 9 дүгээр сард Хятад, Орос болон бусад орны судлаачид Зүүн Ази, Алтай, тэр дундаа алдарт Денисовын агуй, Европын археологийн малтлагаас цуглуулсан ноостой хирсний 29 шүд, ясны дээжийг судалж, 29 митохондрийн, 14 цөмийн геномыг сэргээн босгосныг мэдээлсэн юм.
«Дараалал тогтоосон бүх геном дөрвөн генетикийн удамд хуваагддаг» гэж археологич хэлжээ. Түүний хэлснээр, эдгээр удам бүс нутгаар хуваарилагдсан ч Алтайн нутагт дөрвөн удмын геномын дарааллыг бүгдийг нь илрүүлжээ.
Козликины тайлбарласнаар, Алтай хожуу плейстоцений үед олон мянган жилийн турш тивийн хамгийн таатай байгаль, цаг уурын бүсүүдийн нэг байжээ. Энэ нутаг хөрш бүс нутгуудын ноостой хирсний янз бүрийн популяци харилцан холилдох газар болж байв.
Эрдэмтдийн мэдээллээр, Денисовын агуйгаас олдсон 102 мянга орчим жилийн настай хирс Алтай, Зүүн Европ, Зүүн хойд Сибирийн хожмын бүх хирсний өвөг байсан юм. Европ, Алтайн ноостой хирснүүд хоорондоо нягт холбоотой байжээ.
Ноостой хирс мөстлөгийн үеийн мегафаунагийн нэрт төлөөлөгч бөгөөд хожуу плейстоценд буюу 150-аас 11 мянга орчим жилийн өмнө Хойд Евразид давамгайлж байжээ. Тэд голоцений эхэнд устсан бөгөөд эрдэмтэд устсан шалтгааныг уур амьсгал, хүний хүчин зүйлтэй холбодог.



