Туркт хүүхдүүд нийгмийн сүлжээ ашиглахыг хориглосон журам хүчин төгөлдөр болжээ
Нийгмийн сүлжээнд нэвтрэх хүн бүр төрийн цахим үйлчилгээгээр дамжуулан иргэний үнэмлэхээ баталгаажуулах шаардлагатай болж байна.

Туркт 15-аас доош насны хүүхдүүдэд нийгмийн сүлжээ ашиглахыг хориглосон журам ням гарагт хүчин төгөлдөр болсон гэж РИА Новости агентлаг мэдээлэв.
Гэр бүл, нийгмийн үйлчилгээний сайд Махинур Гекташ 15-аас доош насны хүүхдүүд нийгмийн сүлжээнд бүртгэл нээх боломжгүй болно гэж мэдэгдсэн. Одоо байгаа бүртгэлийн хэрэглэгчдийн насыг шалгах ажил 2027 оны гуравдугаар сарын 31 хүртэл үргэлжилж, шилжилтийн хугацаанд нийгмийн сүлжээнүүд хүүхдийн бүртгэлийг аажмаар хаах юм.
Хэрэглэгчид төрийн үйлчилгээний и-Девлет системээр хувийн мэдээллээ баталгаажуулж, иргэний насны мэдээлэл бүхий дижитал токен авах юм. 15-аас доош настай бол нэвтрэхийг хориглох бөгөөд 15-аас 18 насны өсвөр насныхан хязгаарлалттайгаар нэвтрэх боломжтой.
Тэд зөвхөн найзуудтайгаа захидал бичилцэх боломжтой бөгөөд шууд дамжуулалт хийхийг хориглож, «насанд хүрэгчдэд зориулсан» сурталчилгаа харагдахгүй.
Хоригийг зөрчсөн тохиолдолд өсвөр насны хүүхдэд профайл бүртгэж өгсөн хүн болон нийгмийн сүлжээнд хариуцлага хүлээлгэх юм.
Туркийн аюулгүй байдлын шинжээч, тэтгэвэрт гарсан цагдаагийн дарга Мустафа Бегюрджюгийн хэлснээр богино хугацаагаар зочилж буй гадаадын жуулчид паспортын мэдээллээ порталд оруулан нийгмийн сүлжээнд нэвтэрч болно.
Тээвэр, дэд бүтцийн сайд Абдулкадир Уралоглу хүүхдүүд хичээлдээ илүү анхаарах ёстой гэж хоригийн шалтгааныг тайлбарлаж байсан.
Туркийн Хууль зүйн сайд Акын Гюрлек хоёрдугаар сард нийгмийн сүлжээнд нэрээ нууцалсан профайлыг хориглох хуулийн өөрчлөлт оруулахаар төлөвлөж байгааг мэдэгдсэн юм.



