Америкийн Хобби Лобби сүлжээний эзэд библийн эртний олдвор хайж их мөнгө зарцуулжээ
Шинэ номд Грийн гэр бүл компанийн ашгаар евангелист үзлээ сурталчилсан гэж өгүүлжээ.

Америкийн Хобби Лобби гар урлалын сүлжээг эзэмшдэг Грийн гэр бүл олон арван жил компанийн ашгаа евангелист үзлээ хууль, боловсрол, соёлд нэвтрүүлэхэд зарцуулсан гэж сэтгүүлч Майкл Бландинг шинэ номдоо бичжээ. Энэ тухай Форчун сэтгүүл мэдээлэв.
«Хобби Лобби дэлгүүрт худалдан авалт хийдэг хүмүүст үүнийг дэлгэх үүрэгтэй гэж бодсон» гэж Бландинг хэлсэн байна.
Компани Форчуны хүсэлтэд хариулаагүй, гэр бүл номд ярилцлага өгөхөөс татгалзсан аж. Хобби Лобби 48 мужид 1000 гаруй дэлгүүр, 50 мянга орчим ажилтантай гэж мэдэгддэг.
Компанийн ерөнхийлөгч Стив Грийн 2009 оноос хойш олон арван мянган библийн олдвор цуглуулжээ. Ихэнх нь 2017 оны 11 дүгээр сард Капитолын ойролцоо нээгдсэн Библийн музейд зориулагдсан бөгөөд гэр бүл түүнийг нээхэд 500 сая ам.доллар зарцуулсан гэж Форчун мэдээлж байв.
АНУ-ын Хууль зүйн яамны мэдээллээр, компани 2010 оны 12 дугаар сард шинжээчийн анхааруулгыг үл харгалзан 5,500 гаруй олдворыг 1.6 сая ам.доллараар авахаар тохирчээ. 2017 онд компани 3 сая ам.доллар төлж, олон мянган олдвор хураалгаж, хариуцлагаа хүлээн зөвшөөрсөн байна.
Гильгамешийн домгийн хэсэг бичсэн 3,500 жилийн настай шавар самбарыг компани 2014 онд 1.67 сая ам.доллараар авсан бөгөөд 2019 онд хураагдсан юм. Дуудлага худалдааны газар самбарын хуурамч гарал үүслийг нуусан гэж прокурорууд мэдэгджээ.
Тэр зун Ирак АНУ-аас 17 мянга орчим дээрэмдсэн олдвор буцааж авснаас 12 мянга орчим нь Библийн музейд хадгалагдаж байсан аж.
Дээд шүүх 2014 онд Хобби Лобби компанийн хэрэгт 5-4 саналаар хаалттай эзэмшлийн компаниудыг эздийн шашны итгэл үнэмшилд харшлах журмаас чөлөөлж болно гэж шийдсэн юм. 2022 онд Форбс сэтгүүл үүсгэн байгуулагч Дэвид Грийнийг 14 тэрбум ам.доллараар үнэлжээ.



