АНУ-д Конгрессын завсрын сонгууль эхэлж байна
Санал асуулгаар Ардчилсан нам Төлөөлөгчдийн танхимд давуу байгаа ч Сенатын өрсөлдөөн ширүүн байна.

Америкчууд мягмар гаригт Конгрессын завсрын сонгуульд санал өгч, Төлөөлөгчдийн танхимын 435 суудлыг бүгдийг, Сенатын 100 суудлаас 35-ыг шийднэ гэж Интерфакс агентлаг мэдээлжээ. Мөн 40 шахам мужид амбан захирагчаа сонгох юм.
Хугацаанаас өмнө 50 сая гаруй иргэн санал өгсөн байна. Анхны санал авах байрууд Индиана, Кентаки мужид зүүн эргийн цагаар 18:00-д хаагдах аж.
Санал тоолох хурд мужаас хамаарч, Хойд Каролинад дүн хурдан гарах боловч Пенсильвани, Мичиганд дараагийн өдөр л тодорхой болж магадгүй юм. Зөрүү бага бол дахин тоолоход хэдэн хоног, бүр хэдэн долоо хоног шаардагдаж болох юм.
Эн Би Си телевизийн судалгаанд америкчуудын 52 хувь хоёр танхимыг Ардчилсан нам, 44 хувь Бүгд найрамдах нам удирдахыг хүсчээ. Ипсосын судалгаанд энэ үзүүлэлт 47, 36 хувь байна.
Танхимд хяналт тогтооход 218 суудал шаардлагатай бөгөөд таамгаар Ардчилсан нам дор хаяж 222, Бүгд найрамдах нам дор хаяж 195 суудал авах төлөвтэй байна.
Сенатад олонх болохын тулд Ардчилсан нам одоогийн суудлаа хадгалж, дор хаяж дөрвөн суудал нэмэх шаардлагатай. Нью-Йорк Таймс сонины судалгаагаар тус нам Канзас, Мэн, Огайо, Техас, Аляскад өрсөлдөж чадах байр суурьтай болжээ.
Трамп санал хураалт шударга бол дүнг хүлээн зөвшөөрнө гэж өмнө нь мэдэгдсэн юм. Ардчилсан нам ялбал хоригоо тогтмол ашиглана гэж тэрбээр Нью-Йорк Пост сонинд хэлсэн байна.
Ардчилсан нам аль нэг танхимд ялбал Трампын хуулийн төсөл, томилгоог батлуулах нь хүндэрч, хороод түүний үйл ажиллагааг шалгах боломжтой болох юм.

