Эдийн засаг

АНУ-д зээлийн картын хүүг 10 хувьд хязгаарлавал хэн хожиж, хэн хохирох вэ

Хүүгийн дээд хязгаар зээлдэгчдийн төлбөрийг бууруулах ч зээлдүүлэгчид алдагдлаа өөр аргаар нөхөхийг оролдож болзошгүй гэж эдийн засагч анхааруулж байна.

Newsweek3 мин унших

Зураг: Newsweek

Америкчуудын зээлийн картын өр бараг 1.3 их наяд ам.долларт хүрээд байгаа энэ үед зарим хууль тогтоогч зээлдэгчдийн санхүүгийн дарамтыг бууруулахын тулд хүүг 10 хувьд хязгаарлахыг шаардаж байна.

АНУ-ын зээлийн картын өр 2026 оны гуравдугаар улиралд 22 тэрбум ам.доллараар нэмэгдэж, жилийн өмнөхөөс 52 тэрбум ам.доллараар өссөнийг Нью-Йоркийн Холбооны нөөцийн банк энэ долоо хоногт мэдээлжээ. Холбооны нөөцийн сангийн өөр нэг мэдээгээр, арилжааны банкууд хүү тооцогдсон дансанд дунджаар 22.36 хувийн хүү ногдуулжээ.

Өр өссөн ч хугацаа нь дор хаяж 90 хоногоор хэтэрч, ноцтой зөрчилд шинээр шилжсэн картын үлдэгдлийн эзлэх хувь гуравдугаар улиралд 6.87 хувь болж, жилийн өмнөх 7.05 хувиас буурчээ.

Ерөнхийлөгч Дональд Трамп болон хэд хэдэн хууль тогтоогч хүүг 10 хувьд хязгаарлахыг санал болгоод байна. Трамп энэ оны нэгдүгээр сард картын компаниуд 20 хувиас 30 хувь, түүнээс ч их хүү авч америкчуудыг “дээрэмдэж” байна гэж мэдэгдэн, 10 хувийн хязгаарыг нэгдүгээр сарын 20-ноос мөрдүүлэхийг шаардсан ч тэр хугацаанд хязгаар хэрэгжээгүй.

Ардчилсан намын сенатор Элизабет Уоррен өнгөрсөн долоо хоногт хүүгийн хязгаар тогтоохоор Трамптай хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлсэн байна. “Ерөнхийлөгч Трамп өөрөө зээлийн картын хүүг 10 хувь хүртэл бууруулахыг хүсэж байгаа гэж хэлсэн. Хуулийн төсөл надад бий, би бэлэн” гэж тэрбээр CBS телевизийн нэвтрүүлэгт хэлжээ.

Уоррен муж улсууд зээлийн карт болон бусад хэрэглээний зээлийн хүүг өөрсдөө хязгаарлах эрхтэй болох хуулийн төслийг нэгдүгээр сард өргөн барьсан. Ардчилсан, Бүгд найрамдах намын хууль тогтоогчид өнгөрсөн жил хоёр танхимд хүүг түр хугацаагаар хязгаарлах, 10 хувийн хязгаарыг зөрчсөн зээлдүүлэгч хүүгийн орлогоо алдахаар заасан хуулийн төслийг мөн өргөн барьжээ.

Ийм бодлого хэрэгжвэл хэрэглэгчдийн хүүгийн төлбөр буурах ч зээлдүүлэгчид алдсан орлогоо өөр аргаар нөхөхийг оролдох тул зээлдэгчдэд илүү өргөн үр дагавартай байж мэднэ.

Адельфи их сургуулийн Санхүү, эдийн засгийн тэнхимийн эрхлэгч, профессор Мариано Торрасын тооцоолсноор, 8000 ам.долларын өртэй өрхийн жилийн хүүгийн төлбөр хүү 10 хувь болоход 1800 ам.доллараас 800 ам.доллар орчим болж буурна.

“Их хэмжээний үлдэгдэлтэй одоогийн зээлдэгчид хамгийн их хожно. Учир нь хязгаар нь төлөгдөөгүй байгаа бүх үлдэгдэлд хамаарна” гэж тэрбээр хэлэв.

Хүү бага байх нь зээлдүүлэгчдийн орлого буурна гэсэн үг бөгөөд энэ алдагдал “эргэлзээгүй их” байна гэж Торрас үзэж байна. “Хүүгийн орлого бол зээлийн картын бизнесийн цөм. 10 хувийн хязгаар үүнийг хүчтэй цохино. Зээлдүүлэгчид үүнийг дуугүй хүлээж авахгүй байх” гэж тэр нэмж хэллээ.

Торрасын хэлснээр, зээлдүүлэгчид жилийн хураамж нэмэх эсвэл сэргээх, урамшууллын хөтөлбөрөө танах, зээл олгох шалгуураа чангатгах, зээлийн хязгаарыг бууруулах, зээлжих чадвар муутай харилцагчдаас татгалзах зэргээр хариу арга хэмжээ авч болзошгүй.

Ийм санал “сонсоход татам санагдаж магадгүй” ч бодит байдалд олон сая америк хүн, ялангуяа зээлийн оноо муутай хүмүүс найдвартай, хямд зээл авах боломжоо алдана гэж Америкийн банкуудын холбооны хэвлэлийн төлөөлөгч Сара Грано мэдэгдэв. Банкууд зээлийн хязгаар бууруулах, данс хаах зэргээр эрсдэлээ удирдахад хүрч, хэрэглэгчдийг зохицуулалт сул, өндөр өртөгтэй хувилбар руу түлхэж болзошгүй гэж тэр анхааруулжээ.

Уламжлалт зээлийн зах зээлээс шахагдсан хүмүүс цалингийн урьдчилгаа зээл, “одоо ав, дараа төл” зэрэг илүү үнэтэй зээлд хандаж магадгүй гэж Торрас үзэж байна. Хэрэглэгчийн санхүүгийн хамгааллын товчооны мэдээгээр, зарим цалингийн урьдчилгаа зээлийн хүү 400 хувь орчим байдаг.

“Ийм хувилбаруудыг хатуу зохицуулахгүй бол хязгаар өртэй өрхүүдийг санамсаргүйгээр бүр илүү үнэтэй зээл рүү түлхэж болзошгүй. Картын хүүгийн хязгаарыг аль эрт тогтоох ёстой байсан ч дангаараа хангалтгүй” гэж Торрас хэлэв.

Бусад мэдээ