Бизнес

АНУ, ОХУ Америкийн компаниуд Оросын төслүүдэд оролцох асуудлыг хэлэлцэж байна

Сахалины эргийн газрын тосны төсөл, Аляскийн шингэрүүлсэн байгалийн хий, Запорожийн атомын цахилгаан станцын удирдлага зэрэг санаа Украины асуудлаарх хэлэлцээнд яригдаж байгаа ч энэ бүхэн зөвхөн дайн дууссаны дараа боломжтой гэж Вашингтон үзэж байна.

Интерфакс2 мин унших

Зураг: Интерфакс

АНУ-ын засаг захиргаа Украины асуудлаар ОХУ-тай хийж буй хэлэлцээний хүрээнд Америкийн компаниудыг зөвхөн эрчим хүчний салбарт бус Оросын бусад төсөлд оролцуулах санааг хэлэлцэж байна гэж Файнэншл Таймс сонин эх сурвалжуудаас иш татан мэдээлжээ. Энэ тухай Интерфакс агентлаг мэдээлэв.

Сонины мэдээлснээр, ОХУ-ын Украины эсрэг дайныг дуусгах хэлэлцээний хүрээнд Америкийн компаниудыг Оросын газрын тосны зах зээлд эргүүлэн оруулах санаа яригдаж байгаа бөгөөд тухайлбал ОХУ, АНУ-ын томоохон газрын тосны компаниуд Сахалины эргийн ойролцоо хамтарсан ажлаа сэргээх тухай асуудал багтжээ. Мөн Дружба хоолойгоор Европ руу газрын тос нийлүүлэх ажлыг сэргээх төлөвлөгөөнд АНУ оролцох боломжийг хэлэлцэж байна.

Бусад боломжит төсөлд Америкийн агаарын тээврийн компаниудад ОХУ-ын агаарын орон зайг дахин нээх, ОХУ-тай титан үйлдвэрлэж, АНУ-д нийлүүлэх хамтын ажиллагааны тохиролцоо багтаж магадгүй юм. Нийтлэлд дурдсанаар, талууд Лукойл компанийн гадаад дахь хөрөнгийг Цагаан ордонтой холбоотой хөрөнгө оруулагчдад худалдах асуудлыг ч хэлэлцжээ. Эх сурвалжуудын хэлснээр, Аляскийн шингэрүүлсэн байгалийн хийн төсөлд Новатэк компани оролцож магадгүй бөгөөд Хойд урсгал хийн хоолойн үлдсэн шугамаар Европ руу хий нийлүүлэх ажлыг сэргээх санаа ч яригдаж байна.

Файнэншл Таймсын мэдээллээр, Москва, Вашингтон Оросын бордоонд тавьсан хориг арга хэмжээг сулруулж, Балтийн орнуудын боомтоор экспортлох асуудлыг ч хэлэлцсэн ч Европын холбооны хоригийг цуцлахгүйгээр ийм схемээр экспортлох боломжгүй гэж онцолжээ. Эцэст нь Запорожийн атомын цахилгаан станцын удирдлагыг Америкийн компанид шилжүүлж, үйлдвэрлэсэн эрчим хүчийг ОХУ, Украины хооронд тэнцүү хуваарилах санаа ч бий. Сонины тэмдэглэснээр, Америкийн байр суурийн дагуу энэ бүхэн зөвхөн Украины мөргөлдөөн дууссаны дараа боломжтой юм.

Бусад мэдээ