АНУ Паннуныг хөнөөх гэж байсан гэх төлөвлөгөөнд оролцсон Никхил Гуптад 24 жилийн хорих ял оноохыг хүсчээ
Гуптагийн өмгөөлөгчид түүнд 12 орчим жилийн ял оноохыг хүсчээ. Шүүх арваннэгдүгээр сарын 20-нд ял оноох юм.

АНУ-ын прокурорууд Халистаныг дэмжигч салан тусгаарлагч Гурпатвант Сингх Паннуныг Америкийн нутаг дэвсгэрт хөнөөх гэж байсан гэх төлөвлөгөөнд оролцсон Энэтхэгийн иргэн Никхил Гуптад 293 сар буюу 24 жил гаруй хорих ял оноохыг Нью-Йоркийн холбооны шүүгчээс хүсчээ.
Энэ хүсэлтийг Гуптад арваннэгдүгээр сарын 20-нд ял оноохоос өмнө гаргасан юм. Харин түүний өмгөөлөгчид Нью-Йоркийн Өмнөд дүүргийн холбооны шүүхэд гаргасан саналдаа хамаагүй хөнгөн ял оноохыг хүсэж, Гуптад 144 сар буюу 12 орчим жилийн хорих ял оноох шүүхийн Тэнсэн харгалзах албаны зөвлөмжийг дэмжжээ.
Энэтхэгийн иргэн шүүгч Виктор Марреройд хандсан захидалдаа хөнөөх гэж байсан гэх төлөвлөгөөнд оролцсондоо харамсаж байгаагаа илэрхийлжээ. “2023 он руу цагийг эргүүлж, алдаагаа засаж чаддаг ч болоосой. Одоо эргээд харахад би тэр үед болчихсон байсан хүнээ ч танихгүй байна. 2023 оны эхээр миний амьдрал гаднаасаа хэвийн харагдаж байсан ч би замбараагүй байлаа. Тэр үед би өөрөө биш байсан” гэж 55 настай Гупта архинд донтсон асуудлаа дурдсан захидалдаа бичжээ.
Гупта хоёрдугаар сард хөлсөөр хүн алах хуйвалдаан, хөлсөөр хүн алах, мөнгө угаах хуйвалдааны хэрэгт гэм буруугаа хүлээсэн юм. АНУ-ын хууль сахиулах байгууллагууд түүнийг Викаш Ядав хэмээх Энэтхэгийн тагнуулын албаны хүний тушаалаар хөнөөх төлөвлөгөөг удирдсан гэж буруутгаснаар энэ хэрэг маргаан дагуулсан байна. Энэтхэг уг төлөвлөгөөнд төрийн оролцоо байгааг үгүйсгэж, ийм үйлдэл засгийн газрын бодлоготой зөрчилддөг гэж мэдэгдсэн.
Гуптагийн өмгөөлөгчид өмгөөлүүлэгч нь үйлдлийнхээ хариуцлагыг бүрэн хүлээсэн, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй гэдгийг үндэслэн өршөөл үзүүлэхийг хүссэн. Мөн ял оноох удирдамжид 235–293 сар гэж заасан ч Тэнсэн харгалзах алба ялыг 144 сараар хязгаарлахыг зөвлөснийг дурджээ.
Өмгөөлөгчид Гуптаг Ядаваас ялгаж, түүнийг Энэтхэгийн засгийн газрыг төлөөлж байна гэж итгэсэн хүний хүсэлтээр дарамт дор үйлдэл хийсэн хүн хэмээн харуулахыг гол үндэслэл болгожээ.
Өмгөөлөгчдийн хэлснээр Гужарат мужийн цагдаа гэж өөрсдийгөө танилцуулсан эрчүүд Энэтхэг дэх Гуптагийн гэрт ирж, түүнийг сурагласан бөгөөд хүүд нь нэрээ үлдээснээр дарамт эхэлжээ. Дараа нь Ядав асуудлыг шийдэж өгөхийг санал болгож, “хуурамч хэрэг” бүрэн цэгцэрсэн гэж Гуптад батлан хэлсэн гэнэ. Тагнуулын ажилтан эрүүгийн хэргээр өөрийг нь атгаж байна гэж итгэсэн Гупта Ядавын хүсэлтээс татгалзахад хэцүү байсан гэж өмгөөлөгчид маргажээ.
АНУ-ын прокурорууд хөнгөн ял оноох үндэслэлийг эрс няцаав. “Шүүгдэгчийн үйлдэл хэрцгий төдийгүй увайгүй байлаа. Тэрбээр АНУ-ын иргэнийг АНУ-ын нутаг дэвсгэр дээр цаазлах гадаадын төлөвлөгөөний чухал оролцогч байсан. Шүүх гэмт хэргийн цар хүрээнд тохирсон, энэ улсад дуу хоолойг хүчирхийллээр дарахыг тэвчихгүй гэсэн дохио өгөх ял оноох ёстой. Эдгээр болон дээр дурдсан бүх шалтгааны улмаас Засгийн газар шүүхээс 293 сарын хорих ял оноохыг хүндэтгэлтэйгээр хүсэж байна” гэж прокурорууд арваннэгдүгээр сарын 13-нд шүүхэд гаргасан бичиг баримтдаа бичжээ.
Прокурорууд өмгөөллийн үндэслэлийг няцааж, Гупта ашиг олох хүсэлд хөтлөгдсөн гэжээ. Тэдний үзэж буйгаар, Паннуныг хөнөөсний дараа Ядавын зуучлахаар санал болгосон зэвсгийн худалдаа, хар тамхины тээвэрлэлтээс олох ашиг ч үүнд багтаж байв. Архи төлөвлөгөөнд оролцоход нь нөлөөлсөн гэх Гуптагийн мэдэгдэл ч “утгагүй” гэж тэд үзжээ.
“Тэрбээр архины нөлөөнд “буруу шийдвэр гаргадаг” байсан, гэмт үйлдэл хийх үедээ согтуу байснаас “тунгалаг бодож чадахгүй” байсан гэж мэдэгдэж байна. Энэ бол утгагүй мэдэгдэл. Шүүгдэгчийг хэсэг зуурын эндүүрэл, эсвэл согтуу үедээ гаргасан шийдвэрийн хэргээр яллаагүй. Шүүгдэгч өдөр өдрөөр, долоо хоног тутам далай дамнан, хэд хэдэн цагийн бүс давж хүн алахаар ажилласан” гэж прокурорууд бичжээ.
2020 оны долдугаар сард Энэтхэгийн засгийн газраас “хувь хүн террорист” гэж зарлагдсан Паннун Гуптад зүйл анги бүрээр хамгийн дээд ял оноохыг шаардлаа. Хохирогчид учирсан нөлөөллийн тухай тусдаа мэдэгдэлдээ тэрбээр хөнөөх төлөвлөгөө амьдралд нь олон талаар нөлөөлж, 1200 хоног хамгаалалттай амьдрахад хүргэж, хуулийн үйлчлүүлэгчидтэйгээ биечлэн уулзах боломжгүй болгосон гэжээ. Хатуу ял оноох нь Америкийн иргэдийн амь нас, Америкийн бүрэн эрхт байдал “халдашгүй” гэсэн дохио өгнө гэж тэрбээр мэдэгдэв.
Үүнээс өмнө Энэтхэгийн засгийн газар энэ асуудлаар АНУ-ын өгсөн “мэдээллийг” нухацтай авч үзэж, 2023 оны арваннэгдүгээр сард өндөр түвшний мөрдөн шалгах хороо байгуулсан. “Удаан хугацааны шалгалтын дараа хороо засгийн газарт тайлангаа хүргүүлж, шалгалтын явцад өмнөх гэмт хэргийн холбоо, түүх нь илэрсэн нэгэн хувь хүний эсрэг хуулийн арга хэмжээ авахыг зөвлөсөн” гэж Энэтхэгийн Дотоод хэргийн яам 2025 оны нэгдүгээр сард мэдэгдсэн байна.

