АНУ, Япон, Өмнөд Солонгосын сайд нар Тайваний хоолойн тогтвортой байдлын чухлыг дахин баталжээ
Атлантад болсон уулзалтаар Хойд Солонгосын асуудлыг ч хөндсөн байна.

АНУ, Япон, Өмнөд Солонгосын гадаад хэргийн сайд нар өнгөрсөн баасан гарагт (10 дугаар сарын 30) Атлантад болсон 20-ийн бүлгийн сайд нарын уулзалтын үеэр гурван талт яриа хэлэлцээ хийснийг Америкийн дуу хоолой мэдээлжээ. Сайд нар Тайваний хоолойн энх тайван, тогтвортой байдлын чухлыг дахин онцолсон гэж АНУ-ын Төрийн департамент мэдэгдэв. Хятадын Өмнөд, Зүүн Хятадын тэнгис, Шар тэнгис дэх албадлагын үйлдэл, Оростой хамтын ажиллагаа нь Энэтхэг, Номхон далайн бүсийн энх тайван, тогтвортой байдлыг алдагдуулж байгааг Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио дурджээ.
Ирэх сард Флоридагийн Майамид болох 20-ийн бүлгийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтын бэлтгэл болсон энэхүү уулзалтаар далайн чөлөөт тээвэр, эрчим хүч, хүнс, нийлүүлэлтийн сүлжээний аюулгүй байдлыг хэлэлцжээ.
Төрийн департаментын мэдэгдэлд Рубио, Японы Гадаад хэргийн сайд Тошимицу Мотэги, Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд Жо Хён «чөлөөт, нээлттэй Энэтхэг, Номхон далайн бүсийн аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтийг дэмжих гурван талт түншлэлийг хянасан» гэжээ. Тэд Номхон далайн Арктикийн бүсэд далайн хамтын ажиллагаа, эдийн засгийн түншлэлийг судлах «Гурван талт Арктик, Номхон далайн түншлэл»-ийн санамж бичигт гарын үсэг зурсан байна.
Сайд нар Хойд Солонгосыг бүрэн цөмийн зэвсэггүй болгох, НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн тогтоолуудыг бүрэн хэрэгжүүлэх, тэр дундаа цөмийн болон баллистик пуужингийн хөтөлбөрт орлого олох дэмжлэг үзүүлэхийг хориглох амлалтаа дахин баталжээ.
«Тэд Тайваний хоолойн энх тайван, тогтвортой байдлыг хадгалахын чухлыг мөн онцолсон. Рубио мөн Хятад Өмнөд Хятадын тэнгист хяналт тогтоохыг эрмэлзэж буй алхам, Зүүн Хятадын тэнгис, Шар тэнгис дэх албадлагын үйлдэл, Орос, Хятадын хамтын ажиллагаа бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг алдагдуулж байгааг дурдсан» гэж мэдэгдэлд дурджээ.
Гурван сайд өмнө нь 9 дүгээр сарын 21-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн үеэр уулзаж, Тайваний хоолойн энх тайван, тогтвортой байдлын чухлыг онцолсон хамтарсан мэдэгдэл гаргаж байжээ.
Энэ удаад сайд нар тэр уулзалтын хамтарсан мэдэгдлээ дахин баталж, бүх түвшинд гурван талт яриа хэлэлцээ үргэлжлүүлэхээ амласан гэж Төрийн департамент мэдэгдсэн байна.
Тайваний Гадаад хэргийн яам бямба гарагт мэдэгдэл гаргаж, Гадаад хэргийн сайд Линь Жя Лун гурван улсын сайд нарын энэ байр суурьд талархал илэрхийлж, түнш улсууд бодит алхмаар бүс нутгийн тогтвортой байдлыг хамгаалахыг сайшаасан юм.
«АНУ, Япон, Өмнөд Солонгосын сайд нар энэ жил Тайваний хоолойн энх тайван, тогтвортой байдлыг олон удаа ил баталсан нь энэ асуудал олон улсын нийтлэг анхаарлын төвд байгааг харуулж байна» гэж яамны мэдэгдэлд бичжээ.
Хятад Тайваньд үзүүлэх цэргийн дарамтаа нэмэгдүүлж байгаа энэ үед АНУ болон үзэл бодлын нэгдэлтэй бусад оронтой хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамтран хамгаална гэж Тайваний Гадаад хэргийн яам онцолжээ.

