Дэлхий

АНУ-ын Агаарын цэргийн хүчин гиперсоник пуужин үйлдвэрлэх 694 сая ам.долларын гэрээ байгуулав

Агаараас хөөргөх гиперсоник пуужин 1 мянга 600 км хүртэл зайд, 5 Мах-аас дээш хурдтайгаар бай онох чадвартай бөгөөд эхний ээлжинд Б-52Н бөмбөгдөгч онгоцонд суурилуулна.

Интерфакс1 мин унших

Зураг: Интерфакс

Интерфакс агентлагийн мэдээлснээр, АНУ-ын Агаарын цэргийн хүчин Локхид Мартин компанитай агаараас хөөргөх ЭйЖиЭм-183А гиперсоник пуужинг цувралаар үйлдвэрлэж, зэвсэглэлд оруулах 694 сая ам.долларын гэрээ байгуулжээ. Агаарын суурьтай гулсагч блоктой энэхүү гиперсоник пуужинг бүтээх нь Америкийн гиперсоник зэвсэг бүтээх салбарын гол хөтөлбөр юм.

Цэргийнхний хэлснээр, энэ пуужин АНУ-ын Агаарын цэргийн хүчний онгоцуудыг холын зайд бай онох чадвартай өндөр хурдны цохилтын хэрэгслээр хангаж, бөмбөгдөгч онгоцуудад дайсны пуужингийн эсрэг хамгаалалтын хүрээнээс гадуур байх боломж олгоно. “Энэ пуужинг зэвсэглэлд оруулснаар дэлхийн аль ч цэгт бай онох бидний чадвар өргөжиж байна” гэж Агаарын цэргийн хүчний штабын дарга генерал Кен Уилсбах хэлээд, гиперсоник зэвсэг нь дайсны эсэргүүцэл өндөр нөхцөлд шуурхай хариу өгөх уян хатан хэрэгсэл болно гэжээ.

Зураг төслийн мэдээгээр, пуужингийн тусгалын зай 1 мянга 600 км, хурд нь 5 Мах-аас давдаг. Энэ төрлийн пуужинг эхний ээлжинд Б-52Н стратегийн бөмбөгдөгч онгоцонд суурилуулахаар төлөвлөж байгаа бөгөөд онгоц бүр дөрвөн пуужин тээх боломжтой.

Мэдэгдлээс үзэхэд, пуужин үйлдвэрлэж эхлэх гэрээг 9 дүгээр сарын 29-нд байгуулсан ч энэ тухай одоо л анх удаа зарласан байна.

Бусад мэдээ