АНУ-ын Ираны эсрэг мөргөлдөөний цэргийн зардал 47 тэрбум ам.доллараас давжээ
Зардлын хамгийн их хэсэг буюу 29 тэрбум орчим ам.доллар нь мөргөлдөөний үеэр зарцуулсан сум, галт хэрэгслийг нөхөхөд зориулагдсан байна.

АНУ-ын Ираны эсрэг цэргийн ажиллагаа 10 дугаар сарын 16-ны байдлаар Америкийн төсөвт 47 тэрбум гаруй ам.долларын зардал гаргасан гэж Панчбоул Ньюс портал АНУ-ын Төв командлалаас Конгресст ирүүлсэн мэдээлэлд үндэслэн мэдээлжээ. Энэ тухай РИА Новости агентлаг мэдээлэв.
«Пентагон хууль тогтоогчдод Ираны эсрэг дайн 10 дугаар сарын 16-ны байдлаар 47.1 тэрбум ам.долларын зардал гаргасан гэж мэдэгдсэн» гэж порталын сурвалжлагч Брианна Райли X сүлжээнд бичжээ. Түүний дурдсанаар, зардлын тооцоо 9 дүгээр сарын эхээр Пентагоны хууль тогтоогчдод ирүүлсэн үзүүлэлттэй харьцуулахад ойролцоогоор 3.5 тэрбум ам.доллараар өссөн байна.
Порталын мэдээллээр, зардлын хамгийн их хэсэг буюу 29 тэрбум орчим ам.доллар нь мөргөлдөөний үеэр зарцуулсан сум, галт хэрэгслийг нөхөхөд ногдож байна. Үүнээс гадна 11.9 тэрбум ам.доллар нь үйл ажиллагааны зардал болж, алдагдсан цэргийн техник, тоног төхөөрөмжийг солиход 6.1 тэрбум орчим ам.доллар шаардлагатай аж. Харин Төв командлалын мэдээлэлд байлдааны үеэр гэмтсэн Ойрх Дорнод дахь АНУ-ын цэргийн байгууламжуудыг сэргээх зардлыг одоо болтол тооцоогүй байна.
АНУ, Израиль 2 дугаар сарын 28-нд Ираны байгууламжууд руу цохилт өгч эхэлсэн бөгөөд Иран хариу цохилт өгсөн юм. Мөргөлдөөн намжсан ч шийдвэрлэгдээгүй хэвээр байна.



