АНУ-ын хоригийн улмаас Руандагийн армийн багийг Африкийн лигээс хассан гэж Эн Би Эй мэдэгдэв
Хоёр сенатор лигийн Руандатай хамтын ажиллагааг шүүмжилж байсан юм.

Эн Би Эй Руандагийн армийн санхүүжүүлдэг баг Африкийн сагсан бөмбөгийн лигээс АНУ-ын хориг арга хэмжээний улмаас хасагдсан гэж анх удаа мэдэгджээ. Энэ тухай Би Би Си мэдээлэв.
«Хүний эрх зөрчдөг гадаадын засгийн газраас мөнгө авах Эн Би Эй-гийн улаан шугам юу вэ?» гэж сенаторууд Жеффри Меркли, Марша Блэкберн нар асуусан байна.
АНУ 3 дугаар сард Руандагийн армид Бүгд Найрамдах Ардчилсан Конго дахь мөргөлдөөнийг өдөөсөн гэж хориг тавьж, өнгөрсөн долоо хоногт Батлан хамгаалах яамыг нь мөн хоригложээ. Руанда босогч М23 бүлгийг дэмждэггүй гэж үгүйсгэж байгаа юм.
Хориг хүчинтэй үед баг оролцохгүй гэж Эн Би Эй-гийн дэд комиссар Марк Татум хариу бичсэн аж.
Баг 2024, 2025 онд лигт Руандаг төлөөлж, 2025 онд гуравдугаар байр эзэлсэн юм.
Руанда лигийн албан ёсны түнш бөгөөд Кигали дахь 10,000 суудалтай Би Кей Арена цэнгэлдэхэд финалыг зохион байгуулахад мөнгө төлдөг аж.
Конго Руандагийн Эн Би Эй, Европын хөлбөмбөгийн клуб, Формула 1-тэй байгуулсан спортын гэрээг дэлхийн нүүр царайгаа цэвэрлэх оролдлого гэж удаа дараа буруушааж байна.



