АНУ-ын шүүгч Эпштейний захидлын талаар Трампын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов
Шүүгч нэхэмжлэлийг дахин гаргах боломжгүйгээр хэрэгсэхгүй болгосон тул Трамп засварласан хувилбар өгч чадахгүй.
АНУ-ын шүүгч Бямба гарагт Ерөнхийлөгч Дональд Трамп бэлгийн гэмт хэрэгтэн Жеффри Эпштейнд төрсөн өдрийн бүдүүлэг захидал илгээсэн гэж бичсэн Уолл Стрит Жорнал сонин, хэвлэлийн магнат Руперт Мердокийн эсрэг гаргасан гүтгэлгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ гэж Ар Эн Зэт мэдээлжээ.
Трамп 2025 оны 7 дугаар сард сонин Ерөнхийлөгчийн 2003 онд Эпштейнд бичсэн гэх, нүцгэн эмэгтэйн зурагтай захидлын тухай нийтлэл гаргасны дараа 10 тэрбум ам.долларын нэхэмжлэл гаргасан юм. Мердок Уолл Стрит Жорналыг эзэмшдэг Ньюс Корп компанийг үүсгэн байгуулагч юм.
Шүүгч Даррин Гэйлз нэхэмжлэлийг эргэн гаргах эрхгүйгээр хэрэгсэхгүй болгосон тул Трамп 4 дүгээр сард анхны нэхэмжлэлээ хүлээж авахгүй болсны дараа хийсэн шиг засварласан хувилбар гаргах боломжгүй. Шүүгчийн бичсэнээр, Трамп хоёр удаагийн нэхэмжлэлдээ хариуцагчид «бодит хорон санаатай үйлдсэн» гэдгийг нотолж чадаагүй.
Нийтлэл Ардчилсан намынхан болон Трампын өөрийн Бүгд найрамдах намын шүүмжлэлийг дагуулж, тэд Эпштейний хэргийн бүх баримтыг ил болгохыг шаардсан юм. Трамп олон сар Хууль зүйн яамыг Эпштейний баримт бичгийг ил болгохоос сэргийлж тэмцсэн ч эцэст нь нийтлэхийг шаардсан хуульд гарын үсэг зуржээ.
Трампын нэр баримт бичигт олон удаа гардаг ч тэрбээр буруутай үйлдлээ үгүйсгэж байгаа бөгөөд хэрэгтэй холбоотой эрүүгийн хэрэгт буруутгагдаагүй байна.
11 дүгээр сарын 3-нд болох АНУ-ын завсрын сонгуулийн өмнө Ардчилсан намынхан Эпштейнтэй холбоотой сурталчилгаанд 35 сая гаруй ам.доллар зарцуулсан гэж мэдээлж байна. 2025 оны 1 дүгээр сард Трамп албан тушаалд орсноос хойш Конгресст Бүгд найрамдах нам олонх байгаа тул түүнийг хязгаарлахад шүүхүүд гол үүрэг гүйцэтгэж байна.

