Америкийн Чипотле буррито сүлжээ 2027 онд Сингапурын Жевел Чанги нисэх буудалд нээгдэнэ
Мексик маягийн хоолны сүлжээ Азид Өмнөд Солонгосын дараа Сингапурыг хоёр дахь зах зээлээ болгож байна.

Америкийн алдартай түргэн хоолны Чипотле сүлжээ ирэх жил Сингапурт орж ирж, Жевел Чанги нисэх буудлын худалдааны төвд салбараа нээх гэж байна. Энэ тухай Сингапурын «Си Эн Эй» мэдээлэв.
Мексик маягийн хоолоор мэргэшсэн тус ресторан худалдааны төвийн 2 дугаар давхарт байрлах бөгөөд зочид буррито, таако, кесадилья, салат зэргийг хүссэнээрээ бүрдүүлэн захиалах боломжтой гэж компани мэдэгдсэн.
Чипотле Сингапур, Өмнөд Солонгос дахь үйл ажиллагаагаа Сангмидан Холдингс компанийн охин компани Биг Байттай байгуулсан хамтарсан компаниараа дамжуулан удирдана. Өмнөд Солонгосын Сангмидан Холдингс Сингапурт мөн Шейк Шак, Парис Багет брэндүүдийг ажиллуулдаг.
Чипотлегийн Ази дахь анхны ресторан есдүгээр сарын 2-нд Сөүлийн Гаңнам-дэро гудамжинд, хоёр дахь нь аравдугаар сарын 28-нд Синсэгэ их дэлгүүрт нээгджээ.
«Сингапурын өнгөлөг хоолны соёл, өндөр чанартай орцыг үнэлдэг байдал нь энэ зах зээлийг Чипотлегийн хувьд сонирхолтой болгож байна» гэж Сангмидан Холдингсийн ерөнхийлөгч Хо Хи Су хэлэв.
1993 онд АНУ-ын Колорадо мужийн Денвер хотод үүсгэн байгуулагдсан Чипотле АНУ-д 4,200 гаруй ресторантай бөгөөд Канад, Их Британи, Франц, Герман, Мексик зэрэг оронд үйл ажиллагаа явуулдаг.
Сүүлийн жилүүдэд Сингапурт Америкийн Чик-фил-Эй, Солонгосын Лоттериа зэрэг олон улсын хоолны брэндүүд нээгдээд байгаа юм.

