Өмнөд Австралийн түүхэн Гладстоны шорон сүнсний аялалтайгаар дахин нээгдэв
Шинэ операторч компани шоронгийн нутаг дэвсгэрт кафе, байр нээж, үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр төлөвлөж байна.
Өмнөд Австралийн Гладстон хотын түүхэн шорон дөрвөн жил хаалттай байсны эцэст олон нийтэд дахин нээгдсэн гэж Австралийн «Эй Би Си» телевиз мэдээлжээ.
Энэ онд «Лантерн Гоуст Турс» компани Байгаль орчин, усны газраас шоронгийн газрыг ашиглах эрх авсан байна. Тус компани Хэллоуины баярын үеэр анх удаа хаалгаа нээж, 145 жилийн настай байгууламжид зохион байгуулсан сүнсний аялалын тасалбар бүгд зарагджээ.
«Бид нэмэлт аялал зохион байгуулах хэрэгтэй болсон бөгөөд бямба гараг бүрийн оройн захиалга их байна» гэж шоронгийн төслийн зохицуулагч Наоми Бэйли хэлжээ.
Гладстоны хөгжил, аялал жуулчлалын нийгэмлэгийн ерөнхийлөгч Дэвид Катфордын хэлснээр өмнөх операторчид 2022 онд тэтгэвэртээ гарсан нь гэнэтийн зүйл байжээ. 2025 онд нэг удаа зохион байгуулсан нээлттэй өдөрт 1,300 орчим хүн оролцсон нь шоронг сонирхох хүн олон хэвээр байгааг харуулсан гэж тэрбээр үзэж байна.
Эрх баригчид 1879 онд Порт-Огаста, Аделаидын шоронгуудын ачааллыг бууруулахын тулд Гладстонд шинэ шорон барихаар шийдвэрлэсэн бөгөөд 1881 онд нээгдсэн шорон зориулалтын дагуу бараг 100 жил ажилласан.
Шорон он жилийн туршид эрэгтэй, эмэгтэй хоригдлуудыг хамтад нь хорьдог байснаа зөвхөн эрэгтэй хоригдлын шорон болж, Дэлхийн хоёрдугаар дайны үед цэргийн шорон байжээ. Ус, ариутгах татуургагүй хэвээр байсан тул 1975 онд тухайн үеийн засгийн газар хаасан байна.
Сүүлийн жилүүдэд шоронг сүнсний аялал, зочид буудал, арга хэмжээний газар болгон ашиглаж байсан ч КОВИД-19 цар тахлын дараа сайн дурынхан цөөрсөн тул өмнөх асран хамгаалагчид 2022 онд ажлаа зогсоосон юм.
Бэйлигийн хэлснээр компани шоронгийн нутаг дэвсгэрт кафе нээж, арга хэмжээ зохион байгуулах, зочдод байгууламжийн түүхтэй илүү дэлгэрэнгүй танилцах боломж олгох сэргээн засварлалт хийхээр төлөвлөж байна.
