Фримантлийн 596 сая долларын гүүр товлосон хугацаанаасаа дөрвөн сарын өмнө ашиглалтад орлоо
Шинэ гүүрний өртөг анхны тооцооноос хоёр дахин илүү гарсныг тээврийн сайд дахин зураглалтай холбон тайлбарлав.
Баруун Австралийн Фримантл хотын Валялуп хэмээх шинэ авто замын гүүр олон нийтийн баяр ёслолоор нээгдсэн гэж Австралийн «Эй Би Си» телевиз мэдээлжээ. Гүүр товлосон хугацаанаасаа дөрвөн сарын өмнө баригдаж дууссан бөгөөд 596 сая австрали доллар буюу анхны тооцооноос хоёр дахин илүү өртгөөр бүтжээ.
Свон голын түүхэн гарамд баригдсан 500 метр урт гүүр нь консол болон вантан тулгуурыг хослуулсан Австралид анх удаа баригдсан ийм төрлийн гүүр юм.
1939 онд хуучин гүүрний нээлтэд арван дөрвөн настайдаа оролцож байсан Глэдис Арундел 87 жилийн дараа шинэ гүүрээр хамгийн түрүүнд гарсан хүмүүсийн нэг болжээ.
Өвийн жагсаалтад орсон 86 жилийн настай хуучин гүүрийг хоёрдугаар сард хааж, шинэ гүүрийг түүнийг тойруулан барихын хэрээр аажмаар буулгасан байна. Шинэ гүүр ижил тооны эгнээтэй ч явган хүний зам нь өргөн, усан онгоц доогуур нь өнгөрөх зай өндөр болжээ.
Барилгын ажил 12 сар үргэлжлэх төлөвтэй байсан ч дөрөв орчим сарын өмнө дууссан. «Энэ бол олон арван жилийн дараа ч хүмүүс хажуугаар нь өнгөрөхдөө ямар сайхан гүүр вэ гэж хэлэх бэлгэдэлт төсөл» гэж Тээврийн сайд Рита Саффиоти хэлжээ.
Сайд өртөг хэтэрсэн гол шалтгаан нь гүүрийг дахин зураглах шаардлага гарсантай холбоотой гэж тайлбарласан байна.
Харин дугуйчдын бүлэг шинэ гүүрийг 1980 оноос хойш Перт хотын ойролцоох голууд дээр баригдсан явган зорчигч, дугуйчдад хамгийн аюултай загвар гэж буруушаажээ.
Валялуп нь Фримантлийн авто замын гүүрний тав дахь хувилбар юм. Анхных нь 1800-аад оны дунд үед ялтнуудын гараар баригдсан бол сүүлд солигдсон гүүр 1939 онд 40 жил ашиглах зориулалтаар нээгдэж байжээ.

