APEC бүс нутгийн эдийн засгийн өсөлтийн таамаглалыг 3.4 хувь болгон дээшлүүлэв
APEC-ийн Бодлогын дэмжлэгийн нэгжийн тооцоогоор эрчим хүчний үнийн өсөлтөөс болж бүс нутгийн инфляц ч нэмэгдэх төлөвтэй.
Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны (APEC) бүс нутгийн эдийн засаг 2026 онд 3.4 хувиар өсөх төлөвтэй байна. Технологийн хүчтэй хөрөнгө оруулалт өсөлтийг дэмжиж байгаа ч эрчим хүчний өртөг, худалдааны хязгаарлалт ирээдүйн төлөвт сөргөөр нөлөөлж байна.
“Бидэнд өсөлтийн боломж ч, уналтын эрсдэл ч бий” гэж APEC-ийн Бодлогын дэмжлэгийн нэгжийн захирал Карлос Курияма хэлэв.
APEC-ийн эдийн засгийн удирдагчдын 33 дугаар уулзалт лхагва, пүрэв гарагт Гуандун мужийн Шэньжэнь хотод болно. Үүний өмнө APEC-ийн Нарийн бичгийн дарга нарын газраас ням гарагт зохион байгуулсан цахим хэвлэлийн брифингт Курияма үг хэлэхдээ бүс нутгийн эдийн засгийн өсөлт тогтвортой хэвээр байгаа ч эдийн засгийн орчин улам хүндэрч байна гэжээ.
APEC-ийн Бодлогын дэмжлэгийн нэгжийн ням гарагт нийтэлсэн тайланд дурдсанаар хамгийн сүүлийн таамаглал өмнөх 3.2 хувийн таамаглалаас өндөр байна.
Барааны худалдаа өсөлтөд томоохон түлхэц өгчээ. 2026 оны эхний хагаст APEC-ийн бүх гишүүн эдийн засгийн экспортын нийт үнийн дүн өмнөх оны мөн үеэс 22.5 хувиар өссөн бол жилийн өмнө энэ үзүүлэлт 6.5 хувь байжээ.
Энэ оны худалдааны төлөв харьцангуй сайн байгаа ч эдийн засгийн сорилт, нийлүүлэлтийн сүлжээний хязгаарлалт, худалдааны бодлогын тодорхойгүй байдлаас үүдэн ирэх хоёр жилд экспорт, импортын хэмжээний өсөлт саарна гэж Курияма таамаглажээ.
Эрчим хүч, цахилгааны үнэ өссөнөөс 2026 онд инфляц 2025 оныхоос 0.8 нэгж хувиар өсөж, 3.2 хувьд хүрэх төлөвтэй байна.
“Одоогийн нөхцөл байдалд тулгуурлан бид бодлогын тэргүүлэх чиглэлүүдийг … дэмжиж байна” гэж Курияма хэлээд, мөнгөний болон төсвийн бодлогын үр дүнтэй хослол, хөрөнгө оруулалт, эрчим хүчний эх үүсвэрийг төрөлжүүлэх, худалдааны орчныг сайжруулах, олон талт холбоог бэхжүүлэх шаардлагатайг онцолжээ.
Брифингийн үеэр APEC-ийн Нарийн бичгийн дарга нарын газрын гүйцэтгэх захирал Эдуардо Педроса энэ жилийн APEC-ийн хэлэлцүүлгийн гол чиглэл нь тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх явдал гэж хэлэв. Хятадын ээлжит даргалалтын хүрээнд APEC нээлттэй байдал, инноваци, хамтын ажиллагааг тэргүүлэх чиглэл болгожээ.
APEC-ийн гишүүн эдийн засгууд дэлхийн ДНБ-ий 60 гаруй хувийг эзэлдэг бөгөөд энэ жил тавдугаар сард Жянсу мужийн Сүжоу хотод болсон худалдааны сайд нарын уулзалт зэрэг 300 орчим уулзалт зохион байгуулсныг Педроса тэмдэглэв.
“APEC-ийн онцлог нь бид нэг үйл явц гэдэгт оршино гэж бодож байна” гэж Педроса хэлээд, APEC нь бүс нутгийн эдийн засгийн удирдагчид болон бизнесийн хүрээнийхэнд зориулсан тавцан болж, гишүүн эдийн засгууд хоорондоо харилцах боломж олгодог гэжээ.
