Хятадын 10 тонны цахилгаан зорчигч тээврийн онгоц нисгэгчтэйгээр анхны нислэгээ хийлээ
Хятадын Иргэний нисэхийн ерөнхий газар (CAAC) CE-25A онгоцны төрлийн гэрчилгээ авах COMAC-ийн өргөдлийг хүлээн авчээ.
Хятадын бие даан бүтээсэн 10 тонны цахилгаан арилжааны онгоц CE-25A нисгэгчтэйгээр анхны нислэгээ хийсэн нь тус улсын цахилгаан нисэхийн салбарын томоохон ахиц боллоо.
Онгоц бямба гарагт Хятадын зүүн хэсгийн Шаньдун мужийн Биньжоу хотод хоёр нисгэгч, нэг нислэгийн туршилтын инженертэй нисэв. Онгоц хэвийн ажиллаж, гүйцэтгэлийн бүх үзүүлэлт хүлээлтэд нийцсэн гэж Хятадын Арилжааны онгоцны корпораци (COMAC) мэдэгдэв. Энэ нислэг онгоцны энэ оны хоёрдугаар сарын 2-нд хийсэн нисгэгчгүй, бие даасан анхны нислэгийн дараа болсон юм.
CE-25A бол COMAC-ийн анхны цахилгаан арилжааны онгоц юм. Голчлон хот хоорондын арилжааны нислэгт зориулагдсан тус онгоц 19 хүртэл зорчигч тээвэрлэх бөгөөд хөөрөх үеийн хамгийн их жин нь 10 тонн. Аялах хурд нь цагт 300 км, аялах өндөр нь 2400 метр, нислэгийн зай нь 400 км.
Онгоцыг далавчин дээр нь суурилуулсан тархмал цахилгаан сувагт сэнсний хөдөлгүүрийн системээр хөдөлгөдөг. Онгоцыг COMAC, Хятадын батарей үйлдвэрлэгч CATL, Шанхайн Жяотун их сургууль болон бусад түншүүд хамтран бүтээжээ.
CE-25A нисгэгчгүй, бие даасан горимоор 19 удаа туршилтын нислэг хийжээ.
