Арабын Нэгдсэн Эмират Улс Ойрхи Дорнодын анхны халуун агаарын бөмбөлгийн музейг нээнэ
Музейд бөмбөлгийн түүхээс гадна АНЭУ-ын багийн гадаад аяллыг харуулахаар төлөвлөжээ.

Японы Сага хотын агаарын бөмбөлгийн музейтэй байгуулсан гэрээний дагуу Арабын Нэгдсэн Эмират Улс халуун агаарын бөмбөлгийн музей нээхээр болсныг Зе Нэшнл сонин мэдээлжээ. Энэ нь Ойрхи Дорнодод анхных болно гэж зохион байгуулагчид мэдэгджээ.
АНЭУ-ын халуун агаарын бөмбөлгийн багийн мэдээлснээр, шинэ музей дэлхийд ийм төрлийн долоо дахь нь болно. Харин музейн байршил, нээх огноог зарлаагүй байна.
Музейд халуун агаарын бөмбөлгийн түүх, бөмбөлгийг хэрхэн хийж, нисгэдгийг харуулахаас гадна АНЭУ-ын багийн гадаад аяллуудыг баримтжуулна. Үүнд АНЭУ-ыг үндэслэгч, талийгаач шейх Заид бин Султан Аль Нахайяныг хүндэтгэн “Дэлхий чамайг хэзээ ч мартахгүй, Заид” гэсэн уриатай бөмбөлгөөр хийсэн аялал багтах аж.
Музей боловсрол, сургалтын төв болно гэж багийн ахлагч, ахмад Абдулазиз Аль Мансури мэдэгджээ. “Энэ төсөл бол зөвхөн өвөрмөц аялал жуулчлал, соёлын туршлага бус, дэлхийн туршлагыг үндэсний авьяастнууддаа дамжуулах иж бүрэн, тогтвортой боловсрол, сургалтын төв юм” гэж тэрбээр хэлэв.
Баг Сага хотод айлчлах үеэрээ гэрээнд гарын үсэг зурж, Японы музей хэрхэн ажилладаг талаар музейн ажилтнуудтай ярилцжээ. Сагагийн музейн дэд захирал Киёши Мори АНЭУ-ын төсөлд дэмжлэг үзүүлнэ гэж мэдэгджээ. Тус музейн хүндэт самбарт 2006 онд анх удаа араб нэр бичигдсэн нь АНЭУ-ын баг байсан гэж тэрбээр нэмжээ.
АНЭУ-д хэд хэдэн компани халуун агаарын бөмбөлгөөр нисэх үйлчилгээ үзүүлдэг бөгөөд ихэнх нислэг Дубайн цөл эсвэл Рас Аль-Хайма эмиратаас хөөрдөг.
/file/attachments/orphans/Vince-Matlalacrossexamination1_643185.jpg)
/file/attachments/orphans/Tony-Timba4_140810.jpg)
/file/attachments/orphans/Lunga-GPmetros-Negotiations_377550.jpg)
