Арбитр Кашаганы хөрөнгө оруулагчдын эсрэг Казахстаны 12 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов
Арбитрчид маргаантай зардлын үндэслэлийг шалгаагүй бөгөөд Гааг дахь хэлэлцүүлэг дор хаяж 2028 он хүртэл үргэлжилж мэднэ.

Олон улсын арбитрын шүүх Казахстаны Кашаганы газрын тосны ордын хөрөнгө оруулагчдын эсрэг гаргасан ойролцоогоор 12 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ. Энэ тухай Блүүмберг агентлаг 10 дугаар сарын 22-нд мэдээлснийг Таймс оф Сентрал Эйша сайт бичжээ. Нууц хэлэлцээний талаар мэдээлэлтэй эх сурвалжийн хэлснээр, нэхэмжлэл 2011-2015 онд гарсан ордын бүтээн байгуулалтын зардалд хамаарах бөгөөд хугацаа хэтрүүлж гаргасан байна. Маргаантай өөр 8 тэрбум ам.долларын зардлын нэхэмжлэлийг үргэлжлүүлэн хэлэлцэхийг зөвшөөрчээ.
Казахстан хөрөнгө оруулагчдын газрын тосны олборлолтоор нөхөн авах эрхтэй зардлаас ойролцоогоор 20 тэрбум ам.долларыг хасуулахыг зорьж байв. Арбитрчид хэрэгсэхгүй болгосон нэхэмжлэлд хамаарах зардал үндэслэлтэй эсэхийг шалгаагүй бөгөөд шийдвэрийг олон нийтэд зарлаагүй байна.
Кашаганыг Хойд Каспийн операторын компани ажиллуулдаг бөгөөд түүний хувьцаа эзэмшигчдэд КазМунайГаз, ЭксонМобил, Эни, Шелл, ТоталЭнержиз, Хятадын үндэсний газрын тосны корпораци, Инпекс корпораци багтдаг. Каспийн тэнгисийн хойд хэсэгт орших ордын давхаргын өндөр даралт, хүхэрт устөрөгчийн өндөр агууламж барилгын зардлыг өсгөж, ашиглалтад оруулахыг хойшлуулсан бөгөөд цаг агаарын хүнд нөхцөл асуудлыг улам хүндрүүлжээ. Олборлолт 2013 онд эхэлсэн ч хоолойн хий алдагдлын улмаас удалгүй зогсож, 2016 онд дахин сэргэсэн юм.
1997 оны бүтээгдэхүүн хуваах гэрээгээр хөрөнгө оруулагчид төслийн зохих зардлаа олборлосон газрын тосны тодорхой хэсгээр нөхөн авдаг. Үлдсэн буюу ашгийн газрын тосыг төр болон төслийн оролцогчдын хооронд хуваадаг тул хүлээн зөвшөөрсөн зардал нэмэгдэх тусам ашиг болгон хуваарилах газрын тос багасдаг.
Казахстан барилгын ажил, тоног төхөөрөмжийн зардал зэрэг гэрээт гүйцэтгэгчийн гэрээний дагуух зардлыг маргаж байна. Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консорциум 8 дугаар сард өргөн хүрээний арбитрын маргаанд 2000-аад онд байгуулсан нийт 10.7 тэрбум ам.долларын арав гаруй барилгын гэрээтэй холбоотой буруутгал багтсаныг мэдээлсэн. Казахстан зарим гэрээнд зардлыг хөөрөгдсөн эсвэл ашиг сонирхлын зөрчил гарсан гэж үзэж, хээл хахууль авсан гэж буруутгаж байгаа бол оператор компани гишүүд нь гэрээ болон Казахстаны хуулийн дагуу ажилласан гэжээ.
Мөн консорциум 2025 оны 4 дүгээр сард Казахстан Кашаганы хөрөнгө оруулагчдын эсрэг нийт 160 тэрбум ам.долларын нэхэмжлэл гаргасныг мэдээлж, бүтээгдэхүүн хуваах гэрээгээр төрд эхний ээлжийн төлбөр төлсний дараа газрын тосны орлогын 98 орчим хувийг консорциум авдаг гэх Казахстаны байр суурийг иш татсан. Консорциумын мэдээлснээр, хэргийг Гааг дахь Арбитрын байнгын шүүхэд бүртгэсэн бөгөөд хэлэлцүүлэг дор хаяж 2028 он хүртэл үргэлжилж мэднэ.
Үүнээс гадна Казахстан Кашаганы операторын компаниас 2.3 их наяд тэнгэ буюу ойролцоогоор 5.2 тэрбум ам.долларын байгаль орчны торгууль гаргуулахыг зорьж байна. Энэ нь газрын тос, байгалийн хий боловсруулах явцад гарсан хүхрийг хадгалах хязгаарыг зөрчсөн гэх буруутгалтай холбоотой. Эрх баригчид 10 дугаар сарын 29-нд торгуулийг гаргуулах ажиллагааг сэргээсэн бөгөөд энэ нь операторын гомдлыг Казахстаны шүүх хэлэлцэх хугацаанд гурван долоо хоног түдгэлзсэний дараа болсон юм.
Оператор компани торгуулийг маргаж байгаа бөгөөд төслийн гадаадын хувьцаа эзэмшигчид Казахстан хөрөнгө оруулалтыг хамгаалах үүргээ зөрчсөн гэж олон улсын арбитрт хандсан. Операторын хэлснээр, арбитрын шүүх хэлэлцүүлэг үргэлжлэх хугацаанд торгуулийг гаргуулахыг хориглосон түр шийдвэр гаргасан ч Казахстаны Хууль зүйн яам энэ шийдвэр Казахстаны шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд саад болж чадах эсэхэд эргэлзэж байна.


