Австрали жин хасах Вегови эмийн үрлэн хувилбарыг анх удаа зөвшөөрчээ
Долоо хоног тутмын тариатай ойролцоо үр дүн үзүүлдэг ч хоосон ходоодонд өдөр бүр уух шаардлагатай.
Австралийн Эмчилгээний бүтээгдэхүүний газар жин хасахад зориулсан Вегови эмийн үрлэн хувилбарыг мягмар гарагт бүртгэсэн гэж Австралийн Эй Би Си телевиз Конверсэйшн сайтыг иш татан мэдээлэв.
Эмэнд агуулагдах семаглутид нь өлсөх мэдрэмжийг бууруулж, цадах мэдрэмжийг нэмэгдүүлж, хоол ходоодноос гарах хурдыг удаашруулдаг. Энэ бол Австралид жин хасах зориулалтаар зөвшөөрөгдсөн ийм төрлийн анхны үрлэн юм.
Эмийг таргалалттай, эсвэл илүүдэл жинтэй бөгөөд жинтэй холбоотой бусад өвчтэй насанд хүрэгчдэд зориулжээ. Цөөн килограмм хасахыг хүссэн хүмүүст зориулаагүй бөгөөд эмчийн жороор олгодог байна.
Үрлэнг өдөр бүр хоосон ходоодонд бага зэрэг устай ууж, дараа нь 30 минут хүлээх ёстой бол тарианы хувьд долоо хоногт нэг удаа хийхэд хангалттай.
Туршилтаар 64-68 долоо хоногийн дотор үрлэн биеийн жинг 14 хувиар, тариа 15 хувиар бууруулсан гэж Квинсландын их сургуулийн судлаачид бичжээ.
Өвчтөнүүдийн ойролцоогоор 80 хувьд дотор муухайрах, бөөлжих, суулгах, хоол боловсрохгүй болох, өтгөн хатах зэрэг гаж нөлөө илэрдэг. Харьцангуй ховор боловч ноцтой гаж нөлөөнд бөөрний гэмтэл, нойр булчирхайн үрэвсэл, цөсний хүүдийн өвчин ордог аж.
Судалгаанд оролцогчид эмээ зогсоосны дараа нэг жилийн дотор хассан жингийнхээ гуравны хоёрыг буцааж нэмсэн байна.
Үйлдвэрлэгч Ново Нордиск компани үрлэнг жилийн эцэс гэхэд Австралид худалдаанд гаргахаар зорьж байна. Албан ёсны үнэ хараахан зарлагдаагүй бөгөөд жин хасах зорилгоор хэрэглэхэд төрөөс татаас олгодоггүй.
