Австрали зэрлэг бугын тархалтыг зогсоож чадахгүй байгааг засгийн газрын тайлан харуулжээ
Өмнөд Австралиас бусад муж, нутаг дэвсгэрүүд бугын тоо толгойг хянаж чадахгүй байгаа нь санхүүжилтийн удаан хугацааны дутагдлын үр дагавар гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Австралид зэрлэг бугын тоо толгой, тархалт хоёулаа нэмэгдэж, түүнийг хязгаарлах улсын хүчин чармайлт үр дүнгүй байгааг хараахан нийтлэгдээгүй засгийн газрын тайлан харуулжээ. Энэ тухай Гардиан сонин мэдээлэв.
Тайланд дурдсанаар, тус улсын хамгийн хурдан өсөж буй түрэмгий хортон амьтдын нэг болох буга жил бүр үйлдвэрлэлийн алдагдал, хяналтын ажлын цаг хугацаагаар 91 сая гаруй австрали долларын хохирол учруулж байна. Үндэсний сээр нуруутан хортон амьтны зохицуулагчдын гаргасан дүнгийн хуудас 2020-2025 онд хэрэгжсэн зэрлэг бугатай тэмцэх үндэсний төлөвлөгөөг үнэлжээ.
Гэрлэн дохионы зарчмаар үнэлсэн дөрвөн ангилал бүрт ногоон үнэлгээ авсан цорын ганц нь Өмнөд Австрали байв. Тус муж 2022 онд бугыг бүрэн устгах мужийн хэмжээний төлөвлөгөө эхлүүлснээр тоо толгой, тархалт, байгаль орчин болон хөдөө аж ахуйд учруулах нөлөөг нь бууруулсныг тайлан өндөр итгэлтэйгээр тогтоожээ.
Шинэ Өмнөд Уэльс, Тасмани дөрвөн ангилалд бүгдэд нь улаан үнэлгээ авсан бол Квинсланд болон Нийслэлийн нутаг дэвсгэр гурван улаан, нэг шар үнэлгээ авчээ.
Дикины их сургуулийн профессор, Австралийн хөхтөн амьтны нийгэмлэгийн ерөнхийлөгч Юэн Ричи тайлангийн дүнд огт гайхаагүй гэв. Түүний хэлснээр, засгийн газрууд бугын тоо толгой болон түүний хөдөө аж ахуй, зэрлэг амьтан, замын аюулгүй байдал, соёлын ач холбогдолтой газруудад учруулах хохирлыг хянахад хангалттай хөрөнгө оруулахгүй байна.
“Хангалттай арга хэмжээ авахгүй удаан явсны үр дүн энэ” гэж Ричи хэлжээ.
Тайлан Түрэмгий зүйлийн зөвлөлд задарсан бөгөөд тус зөвлөлийн нөлөөллийн менежер Рийс Пианта уг баримт бугын хяналтын санхүүжилт удаан хугацаанд системтэйгээр дутсаныг харуулж байна гэв. Тус зөвлөл 2025 оны тавдугаар сард Голд Коуст хотыг зэрлэг буга бүслэн авсныг харуулсан бичлэг, зураг нийтэлж байжээ.
“Буга бол дараагийн зэрлэг гахай” гэж Пианта хэлжээ.
Түүний үзэж буйгаар бугыг тивээс бүрмөсөн устгах боломжгүй байж магадгүй ч Өмнөд Австралийн өндөр дүн зарим мужид үүнийг хийж болохыг харуулжээ. Бусад нутагт тархалтыг хязгаарлаж, хохирлыг бууруулахын тулд урт хугацааны ажил шаардлагатай.
Аделаидын их сургуулийн Байгаль орчны хүрээлэнгийн захирал, профессор Эндрю Лоу тайланг мужийнхаа хувьд сайн мэдээ гэж үнэлэв. Өмнөд Австрали бугын асуудалд 2022 оноос нухацтай хандсан нь буга жил бүр учруулдаг 36 сая австрали долларын хохирол 2031 он гэхэд 241 сая австрали доллар хүрнэ гэсэн тооцоо гарсны дараа байжээ.
Лоугийн хэлснээр, 4 сая австрали долларын устгалын хөтөлбөр эхэлснээс хойш бугын тоо эрс цөөрсөн ч амьтад агналт илүү зардал шаарддаг хотын захын бүсэд хоргодох болжээ. Мужаас бугыг бүрэн устгахад 10 жилийн хугацаанд ойролцоогоор 10 сая австрали доллар нэмж шаардлагатай бол арга хэмжээ авахгүй бол хохирол 240 сая австрали доллар болно гэж тэр тооцоолжээ.
Австралид читал, лань, гахай буга, халиун буга, руса, самбар гэсэн зургаан зүйлийн зэрлэг буга нутагшсан бөгөөд хамгийн нягт нь зүүн өмнөд хэсэгт амьдардаг. Өмнөд болон Баруун Австрали, Хойд нутаг дэвсгэрт цөөн тооны бүлгүүд бий. Буга сүүлийн жилүүдэд томоохон хотууд руу улам ойртож, хүмүүстэй тааралдах явдал олширчээ. Тэр дундаа нүцгэн наранд шарж байсан хоёр эрэгтэй бугад айн ойд төөрч, торгууль төлсөн тохиолдол гарч байв.



