Эль-Ниньогийн улмаас Папуа Шинэ Гвинейд гарсан ган «үндэсний хямрал» болжээ
Хүнсний хомсдол, цахилгааны тасалдал, эрүүл мэндийн байгууллагууд хаагдсан нь 8 сая хүртэлх хүнд нөлөөлж байна.

Түүхэн хүчтэй Эль-Ниньогийн улмаас үүссэн хэт ган Папуа Шинэ Гвинейн хүн амын 8 сая хүртэлх хэсэгт нөлөөлж, хүнс, усны хомсдолоос эхлээд цахилгааны дутагдал, сургуулийн хичээл тасалдах хүртэл олон асуудал үүсгэж байна. Энэ тухай Гардиан сонин мэдээлэв.
Сүм хийд, үйлдвэрчний эвлэл, бизнесийн бүлгүүдийг нэгтгэсэн нөлөө бүхий эвсэл Номхон далайн энэ улс «үндэсний хямрал»-д орсон ч эмзэг бүлгийн иргэдийг хамгаалах уялдаатай төлөвлөгөө алга байна гэж мэдэгджээ.
Оршин суугчдын хэлснээр гол горхи ширгэж, олон айлын хүнс, орлогын гол эх үүсвэр болох хүнсний цэцэрлэгүүд хатжээ. Сургууль, эмнэлгүүд үндсэн үйлчилгээ үзүүлэх хангалттай усгүй тул эрт хаахаас аргагүй болж байна.
«Тэд ус, хүнс олохын тулд гурваас дөрвөн цаг явах шаардлагатай болж, дарамтад өртөх эрсдэл нэмэгдэж байна» гэж Олон улсын Кейр байгууллагын хүмүүнлэгийн төслийн менежер Эмилли Мерен хэлжээ. Түүний хэлснээр өндөрлөг нутгийн айлууд хоолоо өдөрт нэг удаа болгон хэмнэж байна.
Улсын цаг уурын албаны дэд захирал Касис Инапе зургадугаар сард Эль-Ниньо эхэлснийг зарлах үед улсын ихэнх хэсэгт ган тохиолдож, 8 сая орчим хүн нэрвэгдсэн байсан гэжээ. Наймдугаар сараас хойш зарим бүс нутагт ердийн хур тунадасны дөрөвний нэгээс бага орсон байна.
Нийслэл Порт-Морсбид далангийн усны түвшин буурч, усан цахилгаан станцын үйлдвэрлэл багассан тул цахилгааны компани төлөвлөгөөт тасалдал хийж эхэлсэн бөгөөд энэ нь 10 сар хүртэл үргэлжилж болзошгүй аж.
Ерөнхий сайд Жеймс Марапе муж, дүүргийн эрх баригчдад удаан үргэлжлэх хуурай улиралд бэлтгэхийг даалгаж, засгийн газар гамшгийн хариу арга хэмжээг дэмжих санхүүгийн зохицуулалтыг судалж байгаагаа мэдэгджээ.
Папуа Шинэ Гвинейн бороотой улирал арваннэгдүгээр сараас дөрөвдүгээр сар хүртэл үргэлжилдэг ч Эль-Ниньо энэ улирлыг богиносгож болзошгүй гэж цаг уурчид санаа зовж байна.



