Австралийн хоёр засгийн газар НҮБ-ын илтгэгчийг өсвөр насны хорих төвд оруулсангүй
НҮБ-ын уугуул иргэдийн эрхийн тусгай илтгэгчийг Австралийн Квинсленд, Хойд нутаг дэвсгэрийн өсвөр насны хорих төвүүдэд нэвтрүүлээгүй гэж Австралийн Эй Би Си телевиз мэдээлэв.
«Ам таглах нь ийнхүү явагдаж, засгийн газрууд абориген хүүхдүүдэд учруулж буй хохирлоосоо мултарсаар байна» гэж хоригдлын эрхийн өмгөөлөгч Дебби Килрой хэлсэн байна.
Альберт К.Баруме Даваа гарагт Австралид айлчлалаа эхлүүлсэн юм. Гэвч Торресын хоолой, Таунсвилл, Дарвинд хийх уулзалт, Таунсвилл дахь Кливленд, Дарвин дахь Холтце хорих төвд очих хөтөлбөр цуцлагдсан гэж НҮБ мэдэгджээ.
Квинслендийн засгийн газрын төлөөлөгч шалтгааныг тайлбарлаагүй байна.
НҮБ-ын төлөөлөгчдийг өнгөрсөн 12 дугаар сард Хойд нутаг дэвсгэрийн шоронд оруулаагүй аж. Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх НҮБ-ын байгууллага 2022 онд Квинсленд, Шинэ Өмнөд Уэльсийн хорих газарт нэвтэрч чадаагүй бөгөөд 2023 онд айлчлалаа бүрэн цуцалсан юм.
Квинслендийн Омбудсманы тайланд Кливленд төв 2025 оны шалгалтаар аюулгүй багтаамжаас хэтэрсэн гэж дурджээ. Тэнд хоригдож буй хүүхдийн 90 хувь нь өөрсдийгөө абориген эсвэл Торресын хоолойн арлын уугуул гэж үздэг байв.
Квинсленд 11 дүгээр сарын 30-наас батлан даалтын нөхцөл зөрчсөн давтан гэмт хэрэгтэнд доод тал нь 12 сарын хорих ял оноож эхэлнэ.
Баруме урьдчилсан дүгнэлтээ айлчлалын төгсгөлд 11 дүгээр сарын 13-нд Сиднейд танилцуулах юм.


