Узбекистанд хэт даврах үзлийн хариуцлагыг шинэчлэн тогтоов
Шашны хэт даврах үзэл гэсэн нэр томьёог хууль тогтоомжоос хасчээ.

Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев хэт даврах үзэлтэй холбоотой зөрчил, гэмт хэргийн хариуцлагыг өөрчилсөн хуульд 11 дүгээр сарын 2-нд гарын үсэг зурсан гэж Газета.уз сайт мэдээлэв.
Ерөнхий прокурорын газрын боловсруулсан, 8 дугаар сард Сенатаар батлагдсан өөрчлөлт 3-нд хүчин төгөлдөр болжээ.
Анхны зөрчилд одоо захиргааны хариуцлага хүлээлгэх болжээ. Хэт даврах үзэл сурталчилсан материал түгээх зорилгоор хийх, хадгалах бол иргэдэд 50-100, албан тушаалтанд 100-150 суурь нэгжийн торгууль эсвэл 15 хоног хүртэл баривчлах шийтгэл оногдуулах аж.
Хориотой байгууллагад оролцвол 5-10 жил хорих ял оноохоор Эрүүгийн хуульд заажээ. Өмнө нь байгуулах, удирдах, оролцох бүгдэд ижил 15 жилийн хугацаа оногддог байв.
Нэр томьёоны өөрчлөлт нь хэт даврах үзлийг тодорхой шашинтай холбох явдлыг зогсоох зорилготой гэж Сенатад хэлэлцэх үеэр дурдсан юм.
Сенаторууд өмнөх тодорхойлолтыг хэт бүрхэг гэж үзсэн аж. Одоо үндсэн хуулийн байгуулалд халдах, эрх мэдэл булаах, хууль бус зэвсэгт бүрэлдэхүүн байгуулах, терроризмд ил уриалах, үндэстэн, шашны үзэн ядалт өдөөхийг хэт даврах үзэлд тооцно.
Хууль зүйн яам хэт даврах байгууллага, материалын цахим бүртгэлийг сайтдаа нээлттэй хөтлөх юм. Материалыг ийм гэж тооцох хүсэлтийг шинжээчийн дүгнэлтийн хамт Ерөнхий прокурорын газар Дээд шүүхэд хүргүүлнэ.

