Австралийн Ерөнхий сайд Албанезе Трамп, Ши, Путины дээд хэмжээний уулзалтыг сайшаав
Яриа хэлэлцээ сайн зүйл гэж Албанезе хэлсэн бол Германы Канцлер Мерц АНУ-д “гэнэтийн зүйл битгий гаргаарай” гэж хандсан юм.

Австрали энэ долоо хоногт Хятадад болох Дональд Трамп, Ши Жиньпин, Владимир Путин нарын түүхэн дээд хэмжээний уулзалтыг дэмжлээ. Харин Европын удирдагчид АНУ-ын Ерөнхийлөгч Украины дайны асуудлаар томоохон буулт хийх ёсгүй гэж сэрэмжлүүлж байна.
Гурван талт уулзалт Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны (APEC) уулзалтаар удирдагчид цуглах Шэньжэнь хотод болохоор төлөвлөгджээ. Уг уулзалтыг 1945 оны Ялтын бага хуралтай зүйрлэж байна. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский яриа хэлэлцээ дэлхийн их гүрнүүдийн хооронд нөлөөний хүрээг дахин хуваарилах, эсвэл түүний улсыг орхиход хүргэх ёсгүй гэж анхааруулсан. Путины бүрэн хэмжээний довтолгооноос эхэлсэн дайн дөрвөн жилээс илүү үргэлжилж байна.
Австралийн Ерөнхий сайд Энтони Албанезе ням гарагт Манилад хэлэхдээ яриа хэлэлцээ болж байгааг сайшаасан ч Путинд илгээх тодорхой захиас бол дайн зогсох ёстой гэдэг юм гэж онцолжээ.
Quad бүлгийн удирдагчдын уулзалт, АСЕАН-ы дээд хэмжээний уулзалтад Зүүн өмнөд Азийн удирдагчидтай хийх хэлэлцээний өмнө Филиппинд байгаа Албанезе хэрэв Хятад хүсвэл APEC-ийн хамтын зурганд Путинтэй хамт зогсох боломжийг үгүйсгээгүй.
“Яриа хэлэлцээ бол сайн зүйл гэж бид үзэж байгаа бөгөөд түүний үр дүнг хүлээж байна” гэж тэрбээр хэлэв. “Ерөнхийлөгч Трамп АСЕАН болон APEC-д оролцож, мөн Quad-ийн удирдагчдын уулзалт болох нь мэдээж нэлээд ач холбогдолтой. Бид үүнээс бүтээлч зүйл гарахыг, тэр дундаа дэлхийн мөргөлдөөнүүд намжихыг хүсч байна.”
Германы Канцлер Фридрих Мерц баасан гарагт Европын холбооны удирдагчдын уулзалт дээр яриа хэлэлцээний талаар эргэлзээтэй байгаагаа илэрхийлжээ. “АНУ-д хандсан бидний мессежийг дахин тодорхой хэлье: гэнэтийн зүйл битгий гаргаарай. Европын баг, Украины багт үлдэж, Украинд жинхэнэ энх тайван тогтоохын төлөө хамтран ажиллацгаая” гэж тэрбээр хэлжээ.
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Украинд, улмаар бүх Европт “шударга бус энх тайван” тулгахаас сэрэмжлүүлжээ. “Энэ бол ялагдлын сэтгэлгээ. Энэ бол өөр нэг дайны жор” гэж Макрон хэлжээ.
Зеленский уулзалт “Ялта 2, 3, 4” болж хувирах ёсгүй гэж анхааруулсан. Тэрбээр АНУ-ын тухайн үеийн Ерөнхийлөгч Франклин Рузвельт, Их Британийн Уинстон Черчилль, Зөвлөлтийн удирдагч Иосиф Сталин нар дайнд сүйдсэн Европ дахь нөлөөний хүрээг хуваасан Крым дахь бага хурлыг дурдсан юм.
Түүхч Тимоти Гартон Эш өнгөрсөн сард Путины саналаар зохион байгуулсан гурван талт уулзалтыг Ялтын “нэг төрлийн элэглэл” гэж нэрлэсэн. Гэвч Украин, Тайванийн оролцоогүйгээр Украины ирээдүй, Тайванийг хяналтдаа авах Хятадын зорилгын талаар шийдвэр гаргах магадлал бага гэж шинжээчид үзэж байна.
Австрали, Канад зэрэг улс дунд гүрнүүд дэлхийн асуудалд илүү их нөлөөтэй байх ёстой гэсэн санаачилгыг улам идэвхтэй дэвшүүлж буйг энэ уулзалт сулруулахгүй гэж Албанезе хэлэв. “Бид үзэл бодол нэгтэй орнуудтай үргэлжлүүлэн харилцана. Дэлхийд хоёр супер гүрэн байна. Украины ард түмний тэмцлийн чухал зүйл бол тэд зөвхөн өөрсдийн бүрэн эрхт байдлын төлөө биш, олон улсын эрх зүйн дэг журмын төлөө зогсож байгаа явдал юм” гэж тэрбээр хэлжээ.
Путин оролцвол APEC-ийн удирдагчдын “гэр бүлийн зураг”-т орох эсэх талаар асуухад Албанезе зохион байгуулагч орон болох Хятадын хүслийг харгалзана гэжээ. Гэхдээ Оросын Ерөнхийлөгч Австрали түрэмгийллийг эсэргүүцдэг гэдгийг мэдэж байх ёстой гэж хэлэв. “Хэрэв тэр миний байгаа өрөөнд байвал миний хэлэх үгийг тэд сонсох нь дамжиггүй” гэж Албанезе хэлсэн байна.
G20-ийн гадаад хэргийн сайд нарын уулзалтын дараа Австралийн Пенни Вонг ч Европ, Канадын хамтрагчдынхаа хамт хамтын зурганд орохоос татгалзаж байжээ. Оролцогчдын гуравны нэг нь Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын хажууд зогсохоос татгалзсан тул АНУ-ын албаны хүмүүс хамтын зургийг цуцалсан юм.
Албанезе ням гарагт Манилагийн боомт дахь HMAS Stalwart хангамжийн хөлөгт очиж, Филиппинтэй батлан хамгаалахын шинэ хэлэлцээрт гарын үсэг зурав. Австрали Хятадын түрэмгийллийн эсрэг Филиппиний хамгаалалтын чадавхыг бэхжүүлэхэд тусалж байна. Өмнөд болон Зүүн Хятадын тэнгист нөлөөгөө тогтоох гэсэн Бээжингийн оролдлогыг сөрөх зорилгоор усан замын чөлөөт байдлыг хангах тэнгисийн цэргийн сургуулилтыг цаашид нэмж хийхээр төлөвлөжээ.



