Балбын Эверестийн бүсэд хоёр нисдэг тэрэг мөргөлдөж, нэг хүн амиа алджээ
Ослын шалтгаан тодорхойгүй хэвээр, цагдаа шалгаж байна.

Балбын Солухумбу дүүрэгт мягмар гаригийн өглөө хоёр нисдэг тэрэг газардах үедээ мөргөлдөж, гадаадын нэг иргэн амиа алдаж, өөр нэг нь гэмтсэн гэж Катманду Пост сониныг иш татан Хиндустан Таймс сонин мэдээлжээ.
Эйр Династи, Фиштэйл Эйр компаниудын нисдэг тэрэгнүүд өглөөний 8:11 цагийн орчим Фериче сууринд мөргөлдсөн байна.
Амиа алдсан хүний хэн болох нь хараахан тогтоогдоогүй байна.
Гэмтсэн зорчигчийг анхны тусламж авахаар Лукла руу нисгэжээ. Бусад зорчигч, багийн гишүүдийн тухай мэдээлэл хараахан гараагүй байна.
Ослын шалтгаан одоогоор тодорхойгүй бөгөөд цагдаа дэлгэрэнгүй мэдээлэл цуглуулж, шалгаж байгаа юм.


