Бангсаморо мужийн парламент анхны сонгогдсон ерөнхий сайдаар Макакуаг сонгожээ
Филиппиний өмнөд хэсгийн мусульман автономит бүс долоон жилийн шилжилтийн засаглалаа дуусгаж, байнгын бүс нутгийн засгийн газартай боллоо.

Абдулраоф Сэмми Гамбар Макакуа аравдугаар сарын 30-ны баасан гарагт Филиппиний Минданао дахь Бангсаморо мусульман автономит бүсийн ерөнхий сайдаар сонгогджээ. Энэ тухай Рапплер мэдээлэв.
Макакуа 80 гишүүнтэй Бангсаморо парламентын 51 гишүүний санал авч, шилжилтийн үеийн ерөнхий сайд асан, Морогийн исламын чөлөөлөх фронтын дарга Аход Аль Хаж Мурад Эбрахимыг ялжээ. Эбрахим 27 санал авсан бол нэг гишүүн түдгэлзэж, нөгөө нь хуралдаанд ирээгүй байна.
Энэ сонгууль есдүгээр сарын 14-нд болсон парламентын сонгуулийн дараа томилогдсон түр эрх мэдлээс байнгын бүс нутгийн засгийн газарт шилжиж буйг тэмдэглэж байна.
Бангсаморо холбооны намаас Хойд Магинданаогийн 3 дугаар тойргийг төлөөлдөг Макакуа өмнө нь шилжилтийн үеийн ерөнхий сайд, мужийн захирагчийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан. Тэрээр Морогийн исламын чөлөөлөх фронтын нэрт удирдагч, түүний зэвсэгт жигүүрийн штабын дарга байжээ.
Макакуа фронтын улс төрийн жигүүр болох Нэгдсэн Бангсаморо шударга ёсны намын тэргүүлэх гишүүн байсан ч Эбрахимыг орлон шилжилтийн үеийн ерөнхий сайдаар томилогдсоныхоо дараа намын удирдлагаас салж, байгуулагдаад хэдхэн сар болж буй Бангсаморо холбооны намыг толгойлох болжээ. Эбрахим 2019 онд автономит бүс байгуулагдсанаас хойш Ерөнхийлөгч Фердинанд Маркос Жуниор түүнийг солих хүртэл шилжилтийн засгийн газрыг удирдаж байсан.
Сонгуулийн өмнө боловсрол, орон нутгийн засаглал, сонгуулийн гол хуулиудыг баталсан, сонгогдоогүй Бангсаморогийн шилжилтийн газрыг татан буулгажээ. Бүс нутаг засгийн газар болон Морогийн исламын чөлөөлөх фронтын энхийн хэлэлцээрийн дагуу батлагдсан Бангсаморогийн органик хуулиар байгуулагдсан юм.
Парламентын тогтолцооны дагуу ерөнхий сайдад нэр дэвшигч 80 гишүүнтэй танхимын үнэмлэхүй олонхын санал авах ёстой. Макакуа одоо дэд ерөнхий сайд нар зэрэг засгийн газраа бүрдүүлэх бөгөөд тэдний томилгоог парламент батлах шаардлагатай.
Анхдугаар хуралдааны өмнө Котабато хотод аюулгүй байдлыг чангатгасан нь орон нутгийн бизнесийг саатуулж, хөдөлгөөн хязгаарлагдаж, орлогоо алдсанд санаа зовсон худалдаачид, оршин суугчдын шүүмжлэлд өртжээ.



