Төв Африкийн Бүгд Найрамдах Улс Конгод Эбола тархаж буйтай холбоотой хилийн шалгалтаа чангатгав
Хоёр орны иргэд урт, хяналт муутай хилээр чөлөөтэй зорчдог тул голын эрэг дагуух загасчид, завьчид халдвар авахаас эмээж байна.

Хөрш Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсад Эболагийн тохиолдол 10,000 давсан тул Төв Африкийн Бүгд Найрамдах Улс хоёр орны хилийн голын дагуух шалгалтаа чангатгажээ. Энэ тухай Африканьюс мэдээлэв.
Нийслэл Бангигийн баруун өмнөд хэсэгт, Убанги голын эрэгт орших М'Поко Бак боомтын хилийн цэгт эрүүл мэндийн ажилтнууд завиар ирсэн зорчигчдыг нэг нэгээр нь буулгаж, гар угаалгаж, халууныг нь хэмжиж бүртгэж байна.
Конго тахлын гол голомт болж байгаа ч вирус Кени зэрэг хэд хэдэн оронд тархаж, баруун зүгт Нигерид хүртэл нэг тохиолдол илэрсэн байна.
Хоёр улс 1,500 гаруй километр урт, хяналт муутай хилтэй. “Хилийн хоёр талд нэг ард түмэн амьдардаг тул хүн, барааны хөдөлгөөн их байдаг” гэж Эрүүл мэндийн яамны эрүүл мэндийг дэмжих газрын дарга, доктор Валентен Небанга хэлжээ.
Эрсдэлийг үл харгалзан голын эрэг дагуух загасчид, завьчид, загас худалдагчдын амьжиргаа хоёр орныг холбосон энэ гол усан замаас хамааралтай хэвээр байна.
Гурван хүүхдийн ээж загасны худалдаачин Нейж Эбола энд хүрвэл голын эрэгт ажилладаг тэд хамгийн түрүүнд өртөнө хэмээн санаа зовж, эрүүл мэндийн яамыг илүү хатуу арга хэмжээ авахыг уриалжээ. Зорчигчдыг завиар тээвэрлэдэг Фокси Йети Нзапа ч хамгаалалтгүй ажилладгаа хэлэв.
Небангагийн хэлснээр, хилийн цэгүүдэд эрүүл мэнд, ой мод, гааль, иргэний хамгаалалт, дотоод аюулгүй байдлын албаныхан ажиллаж, ирж, явж буй бүх зорчигчийг шалгаж байна. Эрх баригчид хорооны дарга нар, олон нийтийн удирдагчид, шашны зүтгэлтнүүдээр дамжуулан урьдчилан сэргийлэх зөвлөмжийг иргэдэд хүргэх аян эхлүүлжээ.
“Одоогоор тохиолдол бүртгэгдээгүй ч бидний хамгийн том бэрхшээл бол ажилтнуудаа тогтоон барих явдал” гэж Небанга хэлээд, тэд хэзээ ч бүрэн бэлэн байдаггүйг хүлээн зөвшөөрчээ.



