Бээжин хятад тагнуулчдыг харгис дүрээр харуулсан Японы «Вивант» цувралыг шүүмжлэв
Хятадын төрийн хэвлэлүүд уг цувралыг Бээжинг санаатайгаар гүтгэж байна гэж буруутгасан нь хоёр орны харилцаа Тайванийн асуудлаар хурцадмал байгаа энэ үед болж байна.

Хятадын хэвлэлүүд Японы алдартай тагнуулын «Вивант» цувралд хятад тагнуулчид Японы маш нууц ангийн гишүүдийг «харгис хүчирхийллээр» эрүүдэн шүүж буйгаар харуулсан нь Бээжинг санаатайгаар гүтгэж байна гэж шүүмжилжээ. Энэ тухай Кёдо агентлаг мэдээлэв.
Эрх баригч Коммунист намтай холбоотой Глобал Таймс сонин болон төрийн өмчит Хятадын төв телевиз хятад тагнуулчид Японы тагнуулын ажилтнуудын хурууг тасдаж, гэдсийг нь хутгалж буй үзэгдэл нь дайны үед Японы цэргүүдийн хятад иргэдийг эрүүдэн шүүсэнтэй төстэй гэж мэдэгджээ. Хятадын төв телевиз ням гарагт уг цувралыг үнэнийг гуйвуулж, эдгээр харгислалыг орчин үеийн хятад дүрүүдэд оногдуулснаар мөргөлдөөн үүсгэж, дайсагнал өдөөж байна гэж буруутгав.
Глобал Таймс сонины даваа гарагт бичсэнээр, цувралыг Хятадыг гүтгэсэн гэх буруутгал Хятадын цахим сүлжээнд хурдан тренд болсон бөгөөд нэгэн хэрэглэгч уг дүрслэл нь Японы соёл, энтертайнмент дэх хятадын эсрэг яриа нүүрсээ нээж, ил болсныг илтгэж байна гэжээ. Тэр хэрэглэгчийн хэлснээр, цуврал өмнө нь зохиомол улсад үйл явдлаа өрнүүлж эмзэг сэдвээс зайлсхийдэг байсан бол сүүлийн улиралдаа Хятадыг шууд нэрлэсэн байна.
Токиогийн ТиБиЭс телевизийн бүтээсэн өндөр төсөвт уг цувралд Масато Сакай олон улсын тагнуулын ертөнцөд татагдан орсон компанийн ажилтны дүрд тоглосон бөгөөд Японы Өөрийгөө хамгаалах хүчний маш нууц ангийн тухай өгүүлдэг. «Вивант»-ын эхний улирал 2023 онд гарсан бол одоо гарч буй хоёрдугаар улирал энэ оны 7 дугаар сараас эхэлсэн.
Бээжингийн шүүмжлэл Японы Ерөнхий сайд Санаэ Такаичи өнгөрсөн оны 11 дүгээр сард парламентад Тайваньд онц байдал үүсэх тухай хэлсэн үгээс болж хоёр орны харилцаа хурцадсан энэ үед гарчээ. Такаичи энэ сарын эхээр парламентад уг алдартай цувралыг бичиж авсан ч хараахан үзээгүй гэж хэлсэн юм.



