Беларусийн хакерууд Оросын Статистикийн албаны цахим хуудсыг хакерджээ
Хакерууд Оросын дайнд амь үрэгдэгсдийн тухай мэдээлэлд хандсан гэж мэдэгдэж байгаа ч Росстат мэдээлэл алдагдаагүй гэж үзэж байна.
Оросын Холбооны статистикийн алба буюу Росстатын цахим хуудас арваннэгдүгээр сарын 1-ний шөнө хакерын халдлагад өртөж, хуудсан дээр нь беларусь хэлээр «Хэн ч хариуцлагаас мултарч чадахгүй» гэсэн бичиг болон хакерын хоёр бүлэглэлийн лого байршуулсан гэж Коммерсант сонины мэдээллийг иш татан Медуза сайт мэдээлжээ.
Сонины мэдээлснээр мессежүүд Росстатын бүс нутгийн газрууд болон холбооны хэсгийн хуудсуудад гарсан бөгөөд өглөө нь цахим хуудас хэвийн ажиллаж эхэлжээ.
Хакерын бүлэглэлүүдийн нэг нь хакердалтыг хүлээн зөвшөөрч, Росстатын дотоод мэдээллийн технологийн дэд бүтцийг устгасан, мөн Украины эсрэг дайнд Оросын амь үрэгдэгсдийн тухай мэдээлэлд хандсан гэж мэдэгдсэн байна. Бүлэглэлийн мэдээлснээр ойролцоогоор хорин гурван терабайт мэдээлэл татаж авсан аж.
Росстат кибер халдлагыг баталсан ч халдлагын үр дүнд мэдээллийн сан болон хуулиар хамгаалагдсан мэдээлэл алдагдсан нь тогтоогдоогүй гэж мэдэгджээ.
Беларусийн кибер партизанууд 2025 оны долоодугаар сард Аэрофлот компанийн мэдээллийн системд томоохон халдлага үйлдэж, олон арван мянган зорчигчид нөлөөлсөн бөгөөд компани зөвхөн нислэг цуцалснаас 260 сая рублиэс багагүй алдагдал хүлээжээ.
Оросын Дээд шүүх 2026 оны долоодугаар сард эдгээр хоёр бүлэглэлийг «хэт даврагч байгууллага» гэж зарласан байна.



