Блэкпинк хамтлагийн Жисү Сингапурт түр дэлгүүр нээнэ
Дэлгүүрт зөвхөн Сингапурт зориулсан хувцас, шинэ цуглуулгын бүтээгдэхүүн, тэр ч байтугай попкорн зарагдах юм.

Өмнөд Солонгосын Блэкпинк хамтлагийн гишүүн Жисү 11 дүгээр сарын 13-аас 29-ний хооронд Сингапурын Марина Бэй Сэндс цогцолборт түр дэлгүүр ажиллуулахаар болжээ. Энэ тухай Си Эн Эй мэдээлэв.
Си Кей Стар Энтертейнмент компанийн зохион байгуулж буй уг дэлгүүр нь Жисүгийн Клик, Аддиктед дуунаас санаа авсан циркийн загвартай байх юм.
Дэлгүүрт 99 сингапур долларын унтлагын хувцас, 50 долларын малгай, 22 долларын түлхүүрийн оосор зэрэг албан ёсны бүтээгдэхүүн худалдаалах юм. Хүзүүний дэр, хүүхэлдэй зэрэг зарим бүтээгдэхүүн анх удаа худалдаанд гарах бөгөөд зөвхөн Сингапурт зориулсан 66 долларын подволк, 120 долларын цамц ч бий.
Сингапурын дэлгүүр Жисүгийн Поппоп нэртэй попкорныг дэлхийд анх удаа худалдаалах юм. Нэг уут нь 6 доллар бөгөөд чихэрлэг эрдэнэ шиш, ттокпокки, зөгийн балтай хоттог зэрэг амттай байна.
Үзэгчид дэлгүүрт орох цагаа урьдчилан захиалах шаардлагатай бөгөөд захиалга 11 дүгээр сарын 12-нд Клук платформоор нээгдэх юм.
Жисүгийн түр дэлгүүр Сингапурт ирэхээсээ өмнө Сөүл, Сан Франциско хотод ажиллаж байжээ.

