Перт дэх эх охин хоёрын аллага Баруун Австралийн бууны зөвшөөрлийн тогтолцооны цоорхойг илрүүлжээ
Хууль өөрчлөгдсөний дараа сунгах эрхгүй болсон гар бууны зөвшөөрлөө алуурчин 5 удаа автоматаар сунгуулсан байжээ.
Перт хотын Флореат дүүрэгт Женнифер Петелчик, түүний өсвөр насны охин Гретл нарыг хөнөөсөн хэрэг Баруун Австралийн галт зэвсгийн зөвшөөрөл сунгах тогтолцооны ноцтой цоорхойг илрүүлснийг үхлийн шалтгаан тогтоох шүүх хуралдаанд мэдэгджээ. Энэ тухай Эй Би Си мэдээлэв.
62 настай Марк Бомбара 2024 оны 5 дугаар сард тусдаа амьдарч буй эхнэр Ровенаг хайж, 2 Глок гар буутайгаар тэдний гэрт очиж, эх охин хоёрыг буудан хөнөөжээ. Цагдаа нар хүрэлцэн ирэхэд Бомбара, Женнифер нарын цогцос олдсон бөгөөд Гретл эмнэлэгт хүргэгдсэний дараахан нас баржээ.
Бомбара 13 бүртгэлтэй буутай байсны ихэнх нь чөлөөт цагийн, 2 Глок нь цуглуулагчийн зөвшөөрөлтэй байжээ. Цагдаагийн ахлах комиссар Марк Гилбертийн хэлснээр, тэрбээр 2004 онд гар буунуудаа сэтгэлийн үнэ цэнийн шалтгаанаар бүртгүүлж, өргөдөлдөө өөрийгөө “Глокийн шүтэн бишрэгч” гэж тодорхойлсон байна.
12 сарын дараа буюу 2005 онд хууль өөрчлөгдөж, сэтгэлийн үнэ цэнийг зөвшөөрөл эзэмших үндэслэлээс хассан тул Бомбара зөвшөөрлөө сунгах эрхгүй болсон юм. Гэвч тэрбээр зөвшөөрлөө 5 удаа, тэр дундаа хэрэг гарахаас хэдхэн сарын өмнө буюу 2024 оны 1 дүгээр сард сунгажээ.
Гилберт цахимаар сунгах ажиллагаа төлбөрөө цагт нь төлсөн тохиолдолд хүний оролцоогүйгээр автоматаар хийгддэг байсныг цагдаагийн байгууллагын ер бусын алдаа гэж нэрлэжээ. Хэргийн дараахан буюу 2024 оны 5 дугаар сард томоохон өөрчлөлт хийж, одоо бүх галт зэвсэг эзэмшигчийг алгоритмаар өдөр бүр үнэлдэг Ирис системийг ашиглаж байна.
Үхлийн шалтгаан тогтоогчийн үүрэг гүйцэтгэгч Сара Линтон цагдаа нар бараг 20 жил зөвшөөрлийн сунгалтыг шалгаагүй нь дээд удирдлага хүртэлх тогтолцооны алдаа гэж дүгнэжээ.
Гретл яаралтай тусламжийн дугаарт залгаж, 1 минут 20 секунд хүлээсний дараа дуудлага тасарсан ч журмын дагуу цагдаа буцаж залгаагүй, газар дээр нь хүн илгээгээгүй байна. Тэрбээр операторт “манай гэрт буутай эр байна” гэж хэлсэн байжээ.
Цагдаагийн комиссар Кол Бланч үүнийг хүлээн зөвшөөрөшгүй зөрчил гэж нэрлэж, дуудлага хүлээн авагчид сахилгын арга хэмжээ авсан ч хариу өгөх хугацаа удсан нь дуудлагын ачаалалтай холбоотой гэжээ. Цагдаа нар үүнээс хойш журмаа сайжруулж, тасарсан дуудлагын эзэнтэй холбогдож чадахгүй бол газар дээр нь очиж шалгах болсон байна.
