Хөрөнгө оруулагчид зах зээлээс гарснаар Австралийн орон сууцны шинэ зээл түүхэн дээд хэмжээгээр буурчээ
Хүү нэмэгдэж, татварын хөнгөлөлт хумигдсан тул хөрөнгө оруулагчдын шинэ зээл 31 хувиар унажээ.
Австралид 6 дугаар сараас 9 дүгээр сар хүртэл орон сууцны шинэ зээлийн тоо 15 хувиар, нийт дүн нь 16 хувиар буурч, түүхэн дээд уналт болжээ. Энэ тухай Эй Би Си Австралийн статистикийн товчоог иш татан мэдээлэв.
Хөрөнгө оруулагчдын шинэ зээл 31 хувиар, өөрсдөө амьдрах орон сууц авагчдынх 5 хувиар буурсан бөгөөд хоёулаа албан ёсны дээд амжилтыг эвджээ. Анх удаа орон сууц авагчдын зээл 8 хувиар, бусад худалдан авагчдынх 3.5 хувиар буурсан байна.
Хөрөнгө оруулагчдыг зөвхөн өндөр хүү бус “татварын өөрчлөлт, орон сууцны үнэ буурна гэх хүлээлт” саатуулж байгааг тус товчооны санхүүгийн статистикийн дарга Миш Тан онцолжээ.
Холбооны засгийн газар 5 дугаар сарын төсөвтөө орон сууцны хөрөнгө оруулагчдын татварын хөнгөлөлтийг хязгаарлахаар зарласнаас хойш зах зээл эрс суларч, Мельбурн, Сиднейгээс бусад нийслэлд ч тархжээ. Котэлити компанийн мэдээгээр, орон сууцны үнэ 3 дугаар сарын оргилоосоо 6.7 хувиар буурсан нь сүүлийн 40 жилийн хамгийн хурдан уналт юм.
Эдийн засагчид энэ онд хүүг 5 удаа нэмж, 2008 оноос хойших хамгийн өндөр түвшинд хүргэсэн нь нөлөөлсөн гэж үзэж байна. Харин Нөөцийн банкны ерөнхийлөгч Мишель Буллок хөрөнгө оруулагчдын эрэлт өмнөх мөчлөгүүдээс хамаагүй илүү буурсан нь татварын өөрчлөлттэй холбоотой гэжээ.
Орон сууцны сайд Клэр О'Нил татварын өөрчлөлтийн зорилго ч ийм байсан хэмээн хөрөнгө оруулагчдаас илүү орон сууц худалдан авагчид дээгүүр байгааг сайшаажээ. “Эдгээр тоо тэнцвэр өөрсдөө амьдрах орон сууц авч буй австраличууд, ялангуяа анх удаа орон сууц авагчид руу эргэн шилжиж байгааг харуулж байна” гэж тэрбээр хэлсэн байна.
Сөрөг хүчний Либерал намын орон сууцны асуудал хариуцсан төлөөлөгч Эндрю Брэгг, үл хөдлөх хөрөнгийн бүлгүүд уналтыг татварын өөрчлөлттэй холбож байна. Австралийн барилгачдын холбооны гүйцэтгэх захирал Денита Вон эдгээр үр дүн салбарын эсэргүүцлийг зөвтгөсөн гэж үзэж, байдал улам дордоно гэж анхааруулжээ.
Засгийн газрын өөрчлөлтийн үндэс болсон Сангийн яамны шинжилгээ орон сууцны үнийн өсөлт 2 нэгж хувиар бага зэрэг саарна гэж таамаглаж байсан юм. Гэвч уналт хүлээж байснаас гүн байгааг засгийн газрын дотор хүлээн зөвшөөрч байгаа аж.



