Тинубу дахин сонгогдвол 108 мянга гаруй аюулгүй байдлын ажилтан элсүүлэхээр мөрийн хөтөлбөртөө тусгажээ
Аюулгүй байдлын ажилтнуудыг нэмэх төлөвлөгөөний ихэнх нь өмнө нь зарласан цэрэг, цагдаа элсүүлэх зорилтоос бүрдэж байна.

Нигерийн Ерөнхийлөгч Бола Тинубу 2027 онд дахин сонгогдвол аюулгүй байдлын салбарын ажилтнуудын тоог 108,000 гаруйгаар нэмэгдүүлэхээр эрх баригч Бүх прогрессивүүдийн конгресс намын 2027–2031 оны мөрийн хөтөлбөрт тусгажээ. Энэ тухай Премиум Таймс сонин мэдээлэв.
Аюулгүй байдлын асуудал 2027 оны сонгуулийн өмнө олон сая нигерчүүдийн хамгийн их санаа зовдог асуудлын нэг юм.
Төлөвлөгөөнд 50,000 цагдаа, 28,000 нэмэлт цэрэг, Иргэний хамгаалалтын корпусын 30,150 ажилтан багтжээ. Эдгээр нь бүхэлдээ шинэ амлалт биш бөгөөд Тинубу 2025 оны 11 дүгээр сард улсын хэмжээнд аюулгүй байдлын онц байдал зарлахдаа цагдаад нэмж 20,000 хүн элсүүлэхийг зөвшөөрч, нийт зорилтыг 50,000 болгосон юм.
2026 оны 7 дугаар сард армийн дивизийн тоог 8-аас 12 болгож, 28,000 нэмэлт цэрэг элсүүлэхийг баталсан байна. Шинэ 4 дивизийн төв байр Бенуэ мужийн Макурди, Квара мужийн Илорин, Тараба мужийн Жалинго, Эдо мужийн Бенин хотод байрлах юм.
Мөрийн хөтөлбөрт шинээр элсүүлсэн 50,000 цагдааг сургаж байршуулан, 400 иргэнд 1 цагдаа ногдох харьцаанд хүрэхийг зорьжээ. Хөдөлгөөнгүй харуул хамгаалалтын үүргийг цагдаагаас Иргэний хамгаалалтын корпуст шилжүүлж, цагдаа нарыг гэмт хэрэгтэй тэмцэхэд төвлөрүүлэхийг санал болгожээ.
Нам цагдаагийн байгууллагад цахим бүртгэл, биед зүүх камер, орчин үеийн шүүх эмнэлгийн лаборатори нэвтрүүлж, мужийн цагдаагийн хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхээр амлажээ. Гэхдээ корпусын 30,150 ажилтныг элсүүлэх хугацаа, зардлын тооцоог мөрийн хөтөлбөрт тусгаагүй байна.
Нигер арав гаруй жил үргэлжилсэн босогчдын хөдөлгөөн, дээрэмчдийн халдлага, нөөцийн төлөөх мөргөлдөөн, бүлэг хоорондын тэмцэл зэрэг олон аюулгүй байдлын сорилттой тулгарч, хүчний байгууллагууд хэт ачаалалтай ажиллаж байгаа юм.


