Эдийн засаг

Bloomberg: Европын зарим албан тушаалтан аюулгүй байдлын бүтцийг хэлэлцэх хүсэлтэй гэдгээ харуулахыг санал болгожээ

Германы Канцлер Мерц Европын аюулгүй байдлын бүтцийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзэж байна.

Интерфакс2 мин унших

Зураг: Интерфакс

Европын аюулгүй байдлын бүтцийн талаар хэлэлцээ эхлүүлэх хүсэлтэй гэдгээ харуулах нь АНУ, Оросыг Украины асуудлыг зохицуулах үйл явцад оролцуулсаар байлгахад тусална гэж Европын зарим албан тушаалтан үзэж байгааг Bloomberg эх сурвалжуудад тулгуурлан арваннэгдүгээр сарын 13-нд мэдээлжээ.

Европын комиссын дарга Урсула фон дер Ляйен зэрэг Европын зарим удирдагч хаалттай уулзалтуудын үеэр Европын аюулгүй байдлын асуудлыг Украины хэлэлцээтэй зэрэгцүүлэн хэлэлцэхийг илүү идэвхтэй дэмжих болсон гэж эх сурвалжууд хэлжээ.

Европын холбооны удирдагчид Дублинд болсон дээд хэмжээний уулзалтаар энэ сэдвийг хэлэлцсэн юм. “Европын аюулгүй байдлын бүтцийг хэлэлцэх шаардлага байхгүй... Бидэнд тэр аль хэдийн бий” гэж Германы Канцлер Фридрих Мерц сэтгүүлчдэд хэлжээ.

Энэ асуудлаар хэлэлцээ хийх Москвагийн уриалга Украины мөргөлдөөнд гал зогсоох шаардлагаас анхаарлыг сарниулж болзошгүй гэж Европын холбооны гадаад бодлогын тэргүүн Кая Каллас үзэж байна.

“Ирээдүйн Европын аюулгүй байдлын шийдвэрийг Европын оролцоогүйгээр хэлэлцэж, гаргах боломжгүй” гэж Европын зөвлөлийн дарга Антониу Кошта энэ долоо хоногт мэдэгдсэн байна.

Орос, Украины аюулгүй байдлын асуудлыг Европын ирээдүйн цогц аюулгүй байдлын тогтолцоог бүрдүүлэх замаар шийдэх Америкийн талын санааг Владимир Путин дахин дэмжсэнийг Оросын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков арваннэгдүгээр сарын 12-нд мэдэгдсэн байна.

“Одоогийн тогтолцоо ажиллахгүй байгаа нь хүн бүрт ойлгомжтой. Европын орнуудын төлөөлөгчид ч цөмийн бус аюулгүй байдал, энх тайвны шинэ урт хугацааны бүтцийн үзүүлэлтийг зөвшилцөх ажлыг дэмжинэ гэж найдаж байна. Бид Америкийн төлөөлөгчидтэй хамтран энэ ажлыг нэн даруй эхлүүлэхэд бэлэн” гэж Ушаков хэлэв.

Путин энэ хүрээнд хуваагдашгүй аюулгүй байдлын бүтцийн тулгуур элементүүдийн талаарх Москвагийн үзэл бодлыг сануулсныг Ушаков дурджээ. Орос эдгээрийг 2021 онд АНУ, НАТО-той байгуулах аюулгүй байдлын баталгааны тухай хэлэлцээрийн төсөл хэлбэрээр танилцуулж байсан юм.

Бусад мэдээ