БНАКУ-д Эболагийн тохиолдол 11 мянгаас давж, аюулгүй байдал алдагдсан нь тэмцэлд саад болж байна
Тахал гарснаас хойш эрүүл мэндийн байгууллага, ажилтнууд руу 80 гаруй удаа халдсан гэж ДЭМБ мэдээлжээ.

Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад (БНАКУ) Эболагийн 11 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж, 5400 хүн нас бараад байгаа бөгөөд аюулгүй байдал алдагдсан нь тахлыг хязгаарлахад “хамгийн том саадын нэг” болж байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) арваннэгдүгээр сарын 15-нд нийтэлсэн мэдээндээ эрүүл мэндийн ажилтнууд, байгууллагууд руу халдах, хүн ам дүрвэх, алслагдсан нутгийн иргэдэд хүрэхэд бэрхшээлтэй байгаа нь тахлыг хязгаарлах ажлыг тасалдуулж байна гэжээ.
Бундибугё вирусээр үүдэлтэй тахал найман мужийн 67 эрүүл мэндийн бүсэд тархаж, долоо хоног бүр 400–500 шинэ тохиолдол бүртгэгдэж байна.
“Батлагдсан тохиолдлын дөрөвний нэгээс илүү, нас баралтын гуравны нэгийг хүүхэд эзэлж байна. Эбола батлагдсан таваас доош насны хүүхдийн 10 тутмын долоо нь нас барсан” гэж ДЭМБ тэмдэглэжээ.
ДЭМБ-ын мэдээлснээр саяхан Кантин-Алоя хотод гарсан зэвсэгт халдлагад гурван эрүүл мэндийн ажилтан зэрэг 66 энгийн иргэн амиа алдаж, эрүүл мэндийн гурван байгууллага дээрэмдүүлжээ.
Халдлагын улмаас 1000 гаруй хавьтлын хяналт тасарч, халдвар нь батлагдсан гурван хүн хаана байгаа нь тодорхойгүй хэвээр байна. Тус хотод арваннэгдүгээр сарын 11-нд дахин халдлага гарсан тухай мэдээлжээ.
ДЭМБ-ын мэдээлснээр тахал зарласнаас хойш эрүүл мэндийн салбар руу 80 гаруй удаа халдсан байна.
“Иргэд, эрүүл мэндийн ажилтнуудыг хамгаалж, сүүлийн зургаан сард гаргасан ахиц дэвшлийг хадгалахын тулд байлдааныг яаралтай зогсоох шаардлагатай” гэж ДЭМБ тэмдэглэжээ.
Батлагдсан нас баралтын гуравны хоёр орчим нь эмнэлгээс гадуур тохиолдсон нь олон халдварыг хэт оройтож илрүүлдэг тул өвчтөнүүд цагтаа эмчлүүлж чадахгүй байгааг илтгэж байна гэж ДЭМБ үзжээ.
Саяхан Кени, Нигерид гаднаас орж ирсэн тохиолдол бүртгэгдсэн тул тахал БНАКУ-аас гадна тархах эрсдэл байгааг ДЭМБ онцолжээ.
Хил дамнасан хамтын ажиллагаа нь өртсөн болон эрсдэлтэй орнуудын тандалт, мэдээлэл солилцоо, зохицуулалтыг бэхжүүлсэн гэж тус байгууллага мэдэгдэв.
“Кени, Нигерид саяхан гаднаас орж ирсэн тохиолдол бүртгэгдсэн нь хил давж тархах эрсдэл хэвээр байгааг харуулж байна. Тэргүүн эгнээний эрүүл мэндийн ажилтнууд, хариу арга хэмжээнд оролцогчдын цалинг хойшлуулж байгаа нь хурцадмал байдал үүсгэж, тэмцлийг удаашруулж байна” гэж ДЭМБ мэдэгджээ.
Иймд хөрш орнууд, ялангуяа эрсдэл өндөртэй хилийн бүс нутагтаа тандалт, бэлэн байдлаа хадгалах шаардлагатай гэж ДЭМБ онцолжээ.
Бэрхшээл байгаа хэдий ч тахлын анхны голомтууд болох Монгбвалу, Ньянкунде, Низи, Рвампара, Бутембо зэрэг газарт халдварын тархалтыг сааруулж чадсан гэж ДЭМБ мэдэгдэв.
Лабораторийн тоо хоёроос хорь гаруй болж оношилгооны чадавх өргөжсөн бол эмчилгээний болон түр хэвтүүлэх 104 төвд 2000 орчим ор бэлэн байна.
3000 орчим хүн өвчнөөс эдгэржээ. Мөн тэмцэлд туслах 17 мянга гаруй олон нийтийн эрүүл мэндийн ажилтан, 46 мянган олон нийтийн идэвхтнийг сургасан байна.
Хүрэхэд хэцүү хэвээр байгаа бүс нутагт хүрч, тахлыг хяналтад авахад тогтвортой санхүүжилт, эрүүл мэндийн ажилтнуудын аюулгүй нэвтрэх боломж, олон нийтийн илүү идэвхтэй оролцоо зайлшгүй шаардлагатай гэж ДЭМБ мэдэгджээ.
Нигериэс Швейцарь руу нүүлгэн шилжүүлсэн анхны өвчтөн эдгэрч, эмнэлгээс гарчээ. Мөн хавьтал гэж тогтоогдсон бүх 62 хүн заавал хийх 21 хоногийн хяналтын хугацааг хоёрдогч халдваргүйгээр дуусгасан байна.
Нигерийн Өвчин хянах, урьдчилан сэргийлэх төв (NCDC) арваннэгдүгээр сарын 13-нд энэ тухай мэдэгдэж, өвчтөн Швейцарьт нэмэлт эмчилгээ хийлгэсний дараа вирусийн шинжилгээнд сөрөг гарсан гэжээ.
NCDC-ийн ерөнхий захирал Жиде Идрис хяналтын хугацаанд 62 хавьтлын 13-т нь халуурах болон бусад шинж тэмдэг илэрсэн ч бүгдийнх нь шинжилгээ сөрөг гарсан гэж хэлэв. Мөн таван мужид бүртгэгдсэн Эболагийн сэжигтэй долоон тохиолдлыг шалгахад нэг нь ч эерэг гараагүй байна.
“Гэхдээ хавьтлын хяналт дууссан нь дангаараа тахал дууссаныг албан ёсоор зарласан хэрэг биш гэдгийг тэмдэглэх нь чухал. Ийм шийдвэрийг нийгмийн эрүүл мэндийн холбогдох шалгуур, үргэлжилж буй тандалтын үр дүнд үндэслэн гаргах ёстой” гэж тус төв мэдэгджээ.
“Тиймээс ялангуяа БНАКУ-д Эболагийн өвчин үргэлжилсээр байгаа тул Нигери сонор сэрэмжтэй хэвээр байна.”

