Болгарт Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шат болж байна
Болгарын Ерөнхийлөгч голдуу ёслолын чиг үүрэгтэй ч парламентын шийдвэрт хориг тавих эрхтэй.

Болгарын иргэд Ням гарагт шинэ Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгчөө сонгохоор санал хураалтад оролцож байна. Энэ тухай Интерфакс агентлаг мэдээлэв.
Санал авах байрууд орон нутгийн цагаар 07:00-20:00 цагийн хооронд ажиллах бөгөөд 6.59 сая хүн сонгох эрхтэй. Эхний шатанд ирц 50 хувиас бага байсан тул хоёр дахь шат болж байна.
Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Илияна Йотова сэтгүүлч, хуульч Кирилл Вылчевтэй хосоор, Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч асан, Төв банкны дэд ерөнхийлөгч асан Андрей Гюров Дотоод хэргийн яамны Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч асан Георгий Кандевтай хосоор өрсөлдөж байна. Ерөнхийлөгчид нэр дэвшигч хоёулаа бие даан оролцож байна.
Эхний шатанд Йотова 34.8 хувь, Гюров 32 хувийн санал авчээ. 10 дугаар сарын эхээр хийсэн Тренд судалгаагаар Йотоваг 47.8 хувь, Гюровыг 24.6 хувь дэмжиж байв.
Йотова ялбал одоо Ерөнхий сайдаар ажиллаж буй өмнөх Ерөнхийлөгч Румен Радевын бодлогыг үргэлжлүүлж, Болгарын Европын замыг дэмжихийн зэрэгцээ ОХУ-тай харилцаагаа сайжруулж, Москвагийн эсрэг хоригийг цуцлахыг зорих төлөвтэй. Түүнийг Радевын 2026 онд байгуулсан, парламентын 240 суудлын 131-ийг эзэлдэг Дэвшилт Болгар нам дэмжиж байна.
Гюровыг барууны хэвлэл барууныг дэмжигч гэж нэрлэдэг сөрөг хүчний эвсэл дэмжиж байгаа бөгөөд тэрбээр Украиныг тууштай дэмжиж, 2026 онд Ерөнхий сайдаар ажиллах үедээ Киевтэй аюулгүй байдлын хамтын ажиллагааны гэрээ байгуулж байжээ.
Радев энэ оны эхээр болсон парламентын сонгуульд оролцохоор 1 дүгээр сард огцорсон тул Ерөнхийлөгчийн сонгуулийг хугацаанаас нь өмнө явуулж байгаа юм. Болгарын Ерөнхийлөгч голдуу ёслолын чиг үүрэгтэй бөгөөд хамгийн чухал шийдвэрийг Ерөнхий сайд гаргадаг.



