Бонди далайн эргийн халдлагын дараа Сиднейд хүнд зэвсэгтэй цагдаа эргүүл хийж эхэлжээ
Эмнести Интернэшнл цагдаагийн байгууллага цэрэгжиж байгаад санаа зовж буйгаа илэрхийлэв.

Сиднейн гудамжинд өнгөрсөн жилийн Бонди далайн эргийн буудлагын дараах аюулгүй байдлын чангатгасан арга хэмжээний хүрээнд хүнд зэвсэгтэй цагдаа нар эргүүл хийж эхэлсэн гэж Би Би Си мэдээлжээ.
Нью Саут Уэльс мужийн цагдаагийн мэдээлснээр тусгай бэлтгэлтэй ажилтнууд жуулчид олонтой бүс, спортын томоохон арга хэмжээ, мөргөлийн газруудад урт ам буу барин эргүүл хийнэ. Анги эцэстээ 250 ажилтантай болох юм.
Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 14-нд хоёр зэвсэгт этгээд Ханукагийн баярын арга хэмжээ рүү гал нээж, 10 настай охин багтсан арван таван хүн амиа алдсан нь сүүлийн бараг гучин жилийн хамгийн аймшигтай бөөн аллага болсон юм.
«Цэргийн зэвсэгтэй цагдааг гудамжинд харахыг хэн ч хүсэхгүй, гэхдээ шарилын уут харах нь хамаагүй муу» гэж Австралийн Еврейчүүдийн гүйцэтгэх зөвлөлийн хамтарсан гүйцэтгэх захирал Алекс Рывчин хэлжээ.
Эмнести Интернэшнл Австралийн байгууллага тайван жагсаалыг дарахад ангийг ашиглахгүй гэсэн баталгааг мужийн засгийн газраас хүссэн байна.
Сэжигтэн Навид Акрамыг аллагын 15, аллага үйлдэхийг завдсан 40 зэрэг 78 зүйл ангиар яллаж байгаа бол түүний 50 настай эцэг Сажид Акрамыг цагдаа хэргийн газарт буудаж хөнөөсөн юм.



