Бор баавгайн довтолгоонд энэ онд 36 хүн амиа алдсаны дараа Орос агнуурын хязгаарыг цуцаллаа
Бүс нутгууд баавгайн тоо толгойн 30 хувь хүртэлх хэсгийг агнах боломжтой болно.

Оросын Байгалийн нөөцийн яам бор баавгайн агнуурын хязгаарыг цуцалж, бүс нутаг бүрт тоо толгойн 30 хувьтай тэнцэх дээд хэмжээ тогтоосныг тус яамны хэвлэлийн алба арваннэгдүгээр сарын 13-нд мэдээлэв. Энэ оны эхнээс баавгайн довтолгоонд 36 хүн амиа алдаад байна.
“Нөхцөл байдлыг харгалзан хязгаарыг цуцалж, бүс нутаг бүрт бор баавгайн тоо толгойн 30 хувьтай тэнцэх дээд хэмжээ тогтоохоор шийдлээ. Энэ нь бор баавгайн тоо толгойг илүү үр дүнтэй зохицуулж, махчин амьтан, хүн хоёрын зөрчилдөөнийг багасгах боломж олгоно” гэж яамны мэдэгдэлд дурджээ.
Орост бор баавгайн тоо толгой өсөж, 308 мянгад ойртож байна. 2026 оны эхнээс баавгай хүн рүү ойртсон тухай 12 мянга гаруй гомдол иржээ. Баавгай хүн рүү 87 удаа довтолж, 36 хүн амь үрэгдсэн байна.
Хуулиар бор баавгайг хязгаартай агнах зүйлд хамааруулдаг бөгөөд тоо толгойн 30 хүртэл хувийг агнахыг зөвшөөрдөг ч нэг ч бүс нутаг дээд хязгаарыг тогтоогоогүй гэж яам онцолжээ.
Тухайлбал, Красноярскийн хязгаарт 26 631 бор баавгай байдаг бөгөөд үүний 5 037 буюу 19 хувийг агнахыг зөвшөөрчээ. Гэвч тэнд баавгай хүн рүү ойртсон тохиолдол 2.5 мянгаас давсан байна.
Камчаткад 24 225 бор баавгай байхад агнах хязгаар 3 443 буюу 14 хувь байна. Эрхүү мужид 22 413 баавгайгаас 4 098 буюу 18 хувийг агнахаар тогтоосон ч тус мужид баавгай хүн рүү ойртсон 2 119 тохиолдол батлагдсан байна.
Хүн рүү ойртож, хогийн цэг, замын хажуугаар хооллож буй баавгайг агнахад бүс нутгуудын гаргах зардлыг холбооны засгийн газар хамтран санхүүжүүлэхийг санал болгож байна. Одоогоор 13 бүс нутаг хүсэлт гаргасан бөгөөд нийт санхүүжилт 80 сая рублиас давна гэж яам мэдэгджээ.

