Бостоны ХНС-ын тэргүүн: Инфляцыг дарахын тулд мөнгөний бодлогоо цаашид чангатгах шаардлагатай байж магадгүй
Урт хугацаанд үнийн тогтвортой байдал орон сууцны зах зээлд ч ашигтай гэж Сьюзан Коллинз онцолжээ.

АНУ-ын Холбооны нөөцийн сан (ХНС) инфляцыг дарахын тулд мөнгөний бодлогоо цаашид чангатгах шаардлагатай байж магадгүй гэж Бостоны Холбооны нөөцийн банкны ерөнхийлөгч Сьюзан Коллинз тус банкны жил бүрийн эдийн засгийн бага хуралд бэлтгэсэн илтгэлийнхээ арваннэгдүгээр сарын 13-нд нийтлэгдсэн эх бичвэрт дурджээ.
Хүү нэмэх нь АНУ-д орон сууц авах боломжийг бууруулж болох ч урт хугацаанд үнийн тогтвортой байдал орон сууцны зах зээл болон нийт эдийн засагт ашигтай гэж тэрбээр үзэж байна.
“Богино хугацаанд эдийн засгийг хөргөж, инфляцыг дарахын тулд хүү нэмэх шаардлагатай байж болох бөгөөд энэ нь орон сууц худалдан авах, барих зардлыг өсгөдөг. Гэвч урт хугацаанд тогтвортой үнэ орон сууцны зах зээлд таатай, урьдчилан таамаглах боломжтой эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлдэг” гэж Коллинз тэмдэглэжээ.
ХНС есдүгээр сард гурван жилд анх удаа суурь хүүгээ нэмж, өнгөрсөн сард жилийн 3.75 хувьд хэвээр үлдээсэн. ХНС-ын бодлого тодорхойлогчдоос хэд хэдэн нь инфляцын дарамт хэвээр байгаа тул арванхоёрдугаар сард хүүг дахин нэмэхийг дэмжихэд бэлэн байгаагаа ойлгуулжээ.
ХНС арванхоёрдугаар сар, нэгдүгээр сард, дараа нь гуравдугаар эсвэл дөрөвдүгээр сард хүүгээ нэмнэ гэж зах зээлийнхэн тооцож байна.
АНУ-д үнийн дарамт нэмэгдэж, ХНС-ын тооцоолж байснаас удаан үргэлжилж байгааг Чикагогийн Холбооны нөөцийн банкны ерөнхийлөгч Остан Гулсби CNBC-д хэлсэн. Түүний хэлснээр, ХНС инфляцыг сааруулахад нэмэлт арга хэмжээ авах шаардлагатай.
Коллинз, Гулсби хоёрын аль нь ч 2026 онд Холбооны нээлттэй зах зээлийн хороонд (FOMC) санал өгөх эрхгүй.

