Чернобылийн гэмтсэн хамгаалалтын байгууламжийг засахад яаралтай санхүүжилт хэрэгтэй гэж Европын банк анхааруулав
Банк Персийн булангийн орнууд зэрэг шинэ хандивлагчдыг татахыг хичээж байна.

Европын сэргээн босголт, хөгжлийн банк Украины Чернобылийн реакторыг яаралтай засварлахад таван зуун сая еврогийн дутагдалтай байгаа бөгөөд байгаль орчны гамшгаас сэргийлэхийн тулд олон улсын санхүүжилт хэрэгтэй гэж анхааруулсныг Политико сайтын Европ дахь хэвлэл мэдээлжээ.
Банк 1986 онд дэлбэрсэн 4 дүгээр реакторын үлдэгдлийг бүрхсэн, 2025 оны 2 дугаар сард Оросын нисгэгчгүй онгоцны цохилтод гэмтсэн асар том ган байгууламжийг сэргээхэд энэ мөнгийг хайж байна.
«Энэ бол Украины асуудал биш» гэж банкны ерөнхийлөгч Одиль Рено-Бассо ярилцлагадаа хэлжээ.
Рено-Бассогийн хэлснээр Чернобылиос шууд аюул заналхийлээгүй ч 2030 оноос өмнө засварлах шаардлагатай. Засваргүй бол чийгээс болж нуман бүрхүүлийн доорх дэд бүтэц зэвэрч, цацраг идэвхт материалыг удирдах нь улам хэцүү, үнэтэй болно.
Нисгэгчгүй онгоцны цохилтыг Орос үйлдсэн ч банк Москваг засварын зардлыг төлнө гэж хүлээхгүй байгаа бөгөөд ирээдүйн дайны нөхөн төлбөрөөр зардлыг нөхөж болох юм гэж Рено-Бассо хэлсэн байна.
Их долоогийн орнууд 10 дугаар сард хоёр зуун жаран сая евро амласан нь шаардлагатай хөрөнгийн талаас илүү юм.
Франц, Украин болон банкны хамтран зохион байгуулсан 11 дүгээр сарын 9-ний Парисын бага хурал нэмэлт амлалт татахад чиглэсэн ч үлдсэн мөнгийг цуглуулахад цаг хугацаа шаардлагатай аж.
Банк 2028 онд гэрээ байгуулж, гол сэргээн засварлах ажлыг эхлүүлэхийг зорьж байгаа бөгөөд ажил өөрөө хоёр орчим жил үргэлжилнэ гэж тооцоолжээ.



